Цаг агаар: Болзошгүй эрсдлээс болгоомжтой явахыг анхааруулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 11
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногоос хүйтний эрч суларна. Гэхдээ цасаар шуурах төлөвтэй байгаа талаар мэдээллэсэн байна. Тодруулбал, маргааш буюу 12-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 13-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр. Ихэнх хугацаанд хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нөмөр нөөлөг газраар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байх гэнэ. Иймээс иргэд хөдөө орон нутаг руу холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын болзошгүй эрсдлээс болгоомжтой явахыг анхааруулж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top