Б.Галааридын үед Сэтгүүлчдийн байгууллага өөрийн гэсэн байртай боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 09

“МСНЭ-ийн шинэ Ерөнхийлөгч Х.Мандахбаярт 1951 оноос хойш өөрийн байргүй явсан байгууллагынхаа анхны үл хөдлөх хөрөнгө болох 43 амметр офисын зориулалттай байрны гэрчилгээн дээр тамгаа  тавьж өглөө. МСНЭ-гээ ямар ч байсан толгой хоргодох оронтой болгоно гэж өмнөх их хурал дээр амласнаа биелүүллээ”.

Энэ бол МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр  хоёронтоо сонгогдон ажилласан Б.Галааридын  хэлсэн үг. Үнэндээ Монголын Сэтгүүлчдийн  Нэгдсэн Эвлэл хэмээх энэ байгууллага толгой хоргодох байргүй, айлын хаяанд хоног төөрүүлсээр 67 жилийн нүүр үзсэн юм. Сая л Галааридын  үед байртай боллоо. Сэтгүүлчид  мэргэжлийн байгууллагаараа бардам орж гарах нөхцөл нь бүрдсэн гэсэн үг. Түүнээс өмнө хаана арай  хямд түрээс байна тийшээ л ханддаг байсан нь үнэн.

Таван ч удаа нүүсэн гэдэг.  Монголд мэргэжлийн томоохон байгууллагууд бий. Монголын Зохиолчдын Эвлэл, Монголын Зураачдын Эвлэлийнхан “Урлан бүтээх төв”-тэй. Хөгжмийн зохиолчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хоёр байргүй байсан. Ийнхүү Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл жижиг ч гэлээ өөрийн гэх байртай боллоо.  Энэ бол Б.Галааридын сэтгүүлчдийнхээ өмнө байгуулсан том гавьяа гэвэл хэтийдсэн магтаал болохгүй байх гэдэгт итгэдэг.  Нийгэм, эдийн засаг амаргүй ийм үед  Сэтгүүлчдийн гэх байгууллагад алга дарам газар олоход ч хэцүү. Нөгөө л хардлага сэрдлэгэ дагалдана.  Ямартаа ч МСНЭ  шатрын  бэрс шиг хаа хамаагүй нүүдэллэж явахаа болилоо. Өмнө нь, Монголын Залуучуудын холбоо, МҮОНРТ гээд хаа сайгүй л явдаг байв.

Иймэрхүү явдалд Б.Галаарид "цэг тавьсан"-д сэтгүүлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлэхэд багадаж ч мэдэх юм. Магадгүй үе үеийн Ерөнхийлөгчийн хувьд Сэтгүүлчдийн эвлэлээ байртай болгохыг мөрөөдөж, зүтгэж байсан байх. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага  нэгдэж нягтрахаараа хүчирхэг хэдий ч өдий олон жил өөрийн байргүй явж ирсэн гэхээр бас гайхмаар ч юм шиг. Хэвлэл мэдээллийн салбарын гадаад харилцаа өдөр өдрөөр өргөжиж байгаа үед гаднаас урьсан зочдоо нүүр бардам оруулах  өөрийн гэсэн байртай байна гэдэг бас л давуу тал. Зочдынхоо өмнө ядаж нүүр улайхгүй шүү дээ. Галааридын гаргасан зам мөрөөр МСНЭ-ийн шинэ удирдлага явж, цаашдаа МСНЭ-ийнхэн өөрийн гэсэн ордонтой болох ч юм билүү. Монгол хүн амны билгээр гэдэг дээ.

А.Эрдэнэ

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bolj(103.212.119.40) 2025 оны 03 сарын 13

OORIIN GESEN BAIR SUURTAI BOLJ

1  |  0
Top