Монгол Улсын генерал Мөөгөний Жаргал өвчний улмаас бурхны оронд заларчээ. Ийнхүү Монголын алтан мөрдэст генералууд нэгээр дутлаа. Төрөлх Завхан нутгийнхаа нэрийн хуудас болж явсан эрхэм генералын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье.
Завхан аймгийн Ургамал сумын уугуул, генерал М.Жаргал нь өвчний учир 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас нөгчиж түүний гэр бүл үр хүүхдүүд, төрөл төрөгсөд болон нутгийн зөн олон, монголын батлан хамгаалах салбар Зэвсэгт хүчинд хүнд гарз тохиолоо.
Генерал М.Жаргал нь 1963 оны 04-р сарын 07-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрж 1981 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн сургууль, 1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургууль, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 2000 онд БХИС-ийн докторантурыг тус тус төгсч доктор профессор цол хүртсэн манай армийн ар тал ахуй хангалтын нэрт зүтгэлтэн байлаа.
Тэрбээр 1986-1987 онд Зэвсэгт хүчний 132 дугаар ангид хүнсний албаны дарга, 1987-1988 онд Зэвсэгт хүчний 126 дугаар нэгтгэлийн хүнсний албаны даргын туслах, 1989-1990 онд 126 дугаар нэгтгэлийн хүнсний албаны дарга, 1990-1991 онд 126 дугаар нэгтгэлийн төлөвлөн зохион байгуулах тасгийн дарга, 1991-1992 онд Зэвсэгт хүчний 133 дугаар ангийн захирагчийн орлогч, ар талын дарга, 1992-1996 онд 126 дугаар нэгтгэлийн захирагчийн орлогч, ар талын дарга, 1996-1997 онд Цэргийн их сургуулийн орлогч захирал, 1997-1999 онд Зэвсэгт хүчний Материал хангалтын баазын дарга, 1999-2000 онд Зэвсэгт хүчний Ерөнхий штабын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн дарга, 2000-2005 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, 2005-2009 онд ЗХЖШ-ын орлогч дарга, Ар талын газрын дарга, 2010-2011 онд ЗХЖШ-ын даргын зөвлөх, 2011-2012 онд Ерөнхий зориулалтын цэргийн командлалын Хангалт, үйлчилгээний хэлтсийн дарга, 2012-2014 онд “Монгол цэрэг жуулчин” ТӨҮГ-ын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад тэтгэвэрт гарчээ. 2016-2018 онд ЦДБЭЧ-ын аж ахуйн албаны дарга, менежерээр ажиллаж байв.
М.Жаргалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 11 дүгээр зарлигаар “Хошууч генерал” цол хүртээсэн бөгөөд түүний улс орныг батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь төр засаг өндрөөр үнэлж “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавьяаны одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 60 жил, БХЯ-ны Дайчин алдар l, ll, lll зэргийн медаль болон бусад ойн медалиуд, БХЯ-ны “Хүндэт тэмдэг”, БХЯ болон ЗХЖШ-ын “Тэргүүний ажилтан”, “Онц хилчин” цол тэмдэг, Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан Очир” одонгоор тус тус шагнажээ.
Армийн ар тал ахуй хангалтын төлөө албаныхаа гуч гаруй жил, амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл зүтгэж явсан М.Жаргал генерал өвчний учир нас нөгцсөнд түүний гэр бүл, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Талийгаач М.Жаргал генералын улс орны батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан үнэтэй хувь нэмэр, түүний гэгээн дүр, төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, мэргэжлийн өндөр ур чадвар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
А.Эрдэнэ
www.zindaa

Сэтгэгдэл ( 4 )
Баахан хүн залилсан хохирол яах болж байна вэ
Um mani bad mi hum