"Аюулгүй Интернетийн өдөр" өнөөдөр тохиолоо. 2004 оноос хойш дэлхийн 130 гаруй орон тус өдрийг тэмдэглэдэг болсон байна. Тухайн өдөр нь интернэтийн дэвшлийг эерэг, аюулгүй байдлаар ашиглах боломжийг хүүхэд залууст ойлгуулж таниулах зорилготой аж. Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунаас тодрууллаа.
-Манай улс 2017 оноос эхлэн "Аюулгүй "интернетийн өдөр"-ийг тэмдэглэх болсон. Энэ өдрийн зорилго, онцлог нь юу вэ?
-Аюулгүй Интернетийн өдрийн арга хэмжээг санаалагч талуудаас жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь долоо хоногийн хоёр дахь өдөр дэлхий даяар зохион явуулдаг. Энэхүү арга хэмжээг дэлхий дахинд сая сая хүмүүс цахим ертөнцөд эерэг болон аюулгүй орчин бий болгохын төлөө дэмжин оролцдог. Аюулгүй интернэтийн өдрөөр зөвхөн интернэтийн асуудлыг онцлоод зогсохгүй хүн нэг бүрийг технологийн дэвшилтэт хэлбэрийг хариуцлагатайгаар, хүндэтгэлтэйгээр, асуудалд ул суурьтай мөн бүтээлчээр ашиглахыг уриалдаг онцлогтой. Энэ өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дахь шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчин бүрдүүлэхэд уриалдаг.
-Цахим хэрэглээний цаашдын хэрэглээний талаар яривал?
-Интернет орчин цаашид улам хөгжинө. Хөгжихийн хэрээр мэдээллийг интернет орчноос хялбар, хурдан авдаг. Гэхдээ цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Интернет орчинд гэмт хэргийн тоо улам өсч байгаа. Өсвөр үеийн охидыг бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх санаа агуулж танилцах жишээнээс эхлээд олон эрсдэл бий. Тиймээс өсвөр үеийнхэнд анхааруулж хэлэхэд цахим орчноос өөрсдийн хэрэгтэй мэдээллийг л авах хэрэгтэй.
-Уг гэмт хэргийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргаж байгаа. Эхний ээлжинд эрх зүйн орчныг сайжруулж ажиллана. Дараа нь энэ төрлийн бизнес эрхэлж буй хүмүүсийн хандлагыг өөрчлөх, хамтарч ажиллах саналыг тавьж байна. Саяхан Сонгинохайрхан дүүргийн РС тоглоомын газрын эрхлэгчтэй уулзаж ярилцсан. Хүүхдүүдийг хоёр цагаас илүүгүй хугацаагаар тоглуулахгүй байх тал дээр хамтарч ажлаач гэсэн саналыг тавьсан байгаа. Ингэснээр олон давтамжтай тоглосон хүүхдүүдийг эцэг эхэд нь мэдээлж, эцэг эх нь хүүхдэдээ тавих анхааралаа өндөрсүүлнэ. Интернетийн аюулгүй байдал дээр хамтарч ажиллах нь донтолтоос сэргийлэх талтай.
-Хичнээн хүүхэд донтоод байгаа бол. Энэ нь юунаас үйлдэлтэй вэ ?
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2100 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Үүний 357 хүүхэд РС тоглоомонд донтсон байна. Тус төвийн эрхлэгчийн хэлж буйгаар хөвгүүд нь РС тоглоомонд донтсон бол охидууд фэйсбүүкээр их аялснаар донтож байна гэсэн. Үүнээс үүдэж сэтгэцэнд нөлөө үүсэхээс гадна, нүдний торлог бүрхэвч гэмтэж байна. Эцэг эхчүүд манай хүүхэд хоёр настайгаасаа эхлэн андройд утас хэрэглэж байна гээд хүүхдэдээ утсаа өгдөг. Энэ нь хүүхдэд муу зуршил болооос гадна эрүүл мэндээрээ хохирдог.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )