Мөнхөд дурсагдах гавьяатан Н.Янжмаа

2018 оны 02 сарын 06

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Н.Янжмаа агсны мэндэлсний 125 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан түүний үйл хэрэг амьдралын замналыг харуулсан “Мөнхөд дурсагдах гавьяатан” нэртэй үзэсгэлэн болон "Эерэг өөрчлөлт" сайн үйлсийн аяныг эхлүүллээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ундармаа, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Д.Сүхбаатар, Н.Янжмаа нарын төрөл төрөгсөд болох Д.Сүхжаргалмаа, Ц.Хүрэлсүх, Сүхбаатар судлаач О.Баатар нар оролцлоо.

“Н.Янжмаа нь Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэдгээрээ ард түмэнд танигдсан тэрээр Монголын  эмэгтэйчүүдийн байгууллагыг анх үүсгэн байгуулсан удирдагчдын нэг юм. Тэрээр XX зууны эхэн үеийн  эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөний  төлөө  цогтой тэмцэгч байсан бөгөөд  эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулан хөгжүүлж, бэхжүүлж, олон улсад таниулахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан “мөнхөд дурсагдах гавъяатан”. Төрийн алба хашиж буй хүн өөрийгөө золиослож зүтгэдэгийн жишээ нь Н.Янжмаа гуай бөгөөд өнөө үеийн бид түүнээс үлгэр жишээ авах учиртайг гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Н.Янжмаагийн нэрэмжит “Эерэг өөрчлөлт” сайн үйлсийн аян нь Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд хийгдэх 100 сайн үйлсийн эхлэл аж. Нийгмийн халамж, анхаарал шаардлагатай тодорхой зорилтод бүлгүүд байдаг. Тэдэнд материаллаг гэхээсээ илүүтэй оюунлаг амьдрах чадвар амьдралын дархлаа суусан дэмжлэг тэдэнд хэрэгтэй гэдгийг НАМЭХ-ныхон олж харжээ. Тиймээс энэ чиглэлийн сайн үйлсийн аяныг хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл гэсэн шаталсан хэлбэрүүдээр үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болсон байна.

Нэмэндэйн Янжмаа нь 1893 оны 2-р сарын 6-нд Их хүрээ (Одоогийн Улаанбаатар)-нд мэндэлжээ. Тэрээр 1922 онд намын Төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн бүлгэм”-ийг анх байгуулж, Намын Төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийн дарга,  Эмэгтэйчүүдийн Хэлтсийн дарга,1943 оноос Эмэгтэйчүүдийн Хэргийг эрхэлсэн нарийн бичгийн дарга, 1947 оноос Эмэгтэйчүүдийн Төв зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байжээ. 1927-1930 онд ЗХУ-д суралцаж, шинэ цагийн боловсролтой эмэгтэйчүүдийг манлайлж явсан тэрбээр эмэгтэйчүүдийн төлөө зүтгэсэн их зүтгэл, хөдөлмөрийнхөө хажуугаар МАН-ын Төв хорооны тэргүүлэгч, Намын Төв комиссын гишүүн, Үйлдвэрчний Ерөнхий хорооны орлогч дарга, Эд хэрэглэгчдийн хоршоо, Улсын хэвлэлийн хорооны дарга  зэрэг сонгуульт болон хариуцлагатай ажлуудыг хашсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв.

 Н.Янжмаа УБХ-ын Тэргүүлэгч, 1951 онд АИХ-ын орлогч дарга, тэргүүлэгч гишүүнээр сонгогдон, 1953 онд АИХ-ын даргаар сонгогдон ажиллаж, дэлхийн Бүгд найрамдах улсуудаас хоёр дахь эмэгтэй Төрийн тэргүүн болон түүхэнд мөнхөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top