Монгол улсын хилээр хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “Iсе” буюу мөсийг хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулдаг байсан этгээдүүдийн гэмт үйлдлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлжээ. Тэднийг энэ сарын 02-ны өдөр ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран, эд мөрийн баримттай нь баривчилсан байна.
Гэмт этгээдүүдийн үйлдлийг илрүүлэх ажиллагаанд Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн албаны үнэрч нохойг ашиглажээ. Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох “Iсе” буюу мөсийг хууль бусаар нэвтрүүлж, нийслэл хотын хэмжээнд худалдан борлуулж байсан хэрэгт Монгол улсын иргэн 28 настай эрэгтэй М, 33 настай эрэгтэй Ш нарын этгээдийг Эрүүгийн хуулийн 20.7.2-д зааснаар саатуулан шалгаж байгаа аж.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас өчигдрийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 60 үйлдэлтэй 24 хэрэгт 54 этгээдийг холбогдуулан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлж, хууль сахиулах болон хяналт шалгалтын чиг үүрэг бүхий байгууллагуудтай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна.
Б.Алтанчимэг
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
ХАДАГ ЯНДАР БОЛСОН ТАНГАДЫН ҮЙЛС МОНГОЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА