Хаврын хонхны дуу, оюутан сурагчдын төгсөгчдийн баярын арга хэмжээ шил шилээ даган үргэлжилж байна. Хонхны баяр нь оюутан насны хамгийн гэгээлэг дурсамжийн нэг болж үлддэг. Тэгвэл СУИС-ийн харьяа Бүжгийн урлагийн сургуулийн баяраас хуваалцлаа. Бүжгийн урлагийн сургууль нь 2013 онд СУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болж байгуулагдсан байна. Анх байгуулагдахад элсэж байсан хүүхдүүд энэ жил төгсөж байгаа аж.
СУИС-ийн харьяа Бүжгийн урлагийн сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг “Юуны өмө энэ хавар их дээд сургуулиа төгсөж байгаа бүх төгсөгчдөд баяр хүргэе. Монгол Улсын анхны Бүжгийн урлагийн сургууль болсноос хойш Их сургуулийн хэмжээнд ажиллах үүрэг хүлээсэн. Их сургууль судалгаа хөгжсөн байхыг шаарддаг. Тиймээс манайх “Ардын урлаг бүжиг судлалын профессорын баг” гэж байгуулсан. Профессорын багийн тэргүүлэх профессороор шинжлэх ухааны доктор, профессор Дулам багш маань ажиллаж байна. Үүнээс хойш сүүлийн гурван жилд Монгол үндэстний бүжгийн урлагийг судлах судалгааны экспедицийг амжилттай ажиллуулж ирлээ. Саяхан найман хоногийн турш БНХАУ-ын Хөлөн буйрт амьдарч буй Монгол угсаатныг судалж байгаад ирсэн. Цаашдын зорилго бол их сургууль учраас судалгаан дээр суурилсан уран бүтээл туурвих, сургалтын хөтөлбөр, стандартаа шинэчлэх гэх мэт олон зорилгыг тавьж байна. Бид сүүлийн гурван жилийнхээ судалгаан дээрээ тулгуурлаад ирэх намар Монгол Үндэстний ардын бүжгийн фестивалийг зохион байгуулахаар ажиллаж байгаа” гэлээ.
Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш М.Мөнгөнцэцэг “Манайх бүжгийн урлагийн сургууль болоод дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Жил болгоны оюутны төгсөлтийн баяр нь бидний хувьд ч баярын өдөр. Энэ жил анх удаагаа 47 оюутан буюу хамгийн олон оюутан төгсөж байна. Одоо төгсөж байгаа оюутнууд маань ОУ-ын тэмцээн уралдаанд их амжилт гаргасан. Тухайлбал, “Тэгэрийн Хүмүүн” хамтлаг “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг 32-т үлдсэн. Ингээд төгсөгч оюутнууддаа цаашдынх нь амьдрал, уран бүтээлд өндөр амжилт хүсье” хэмээлээ.
Ё.Дамчаабадгар “Энэ том сургуулийн босгыг даваад, онц дүнтэй сургуулиа төгсөж байгаад сэтгэгдэл өндөр байна. Бүжиг найруулга, дэглээчийн чиглэлээр төгсөж байгаа. Цаашдаа Бүжиг дэглээчээр үргэлжлүүлэн сурах эрх авсан. Мөн БНСУ-ын Бусан хотын театрт бүжигчнээр ажиллах эрх авсан байгаа. Ер нь сурангаа бүжигчнээр ажиллах зорилготой байна” гэлээ.
Б.Батдолгор“Бүжиг найруулгын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад төгсч байна. Би СУИС-ийн лицейгээс эхлээд нийт зургаан жил суралцсан. Зургаан жил сурахдаа өөрөө бие даахаас эхлүүлээд маш их зүйлийг сурч мэдлээ. Багшдаа, гэр бүлдээ баярлаж талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа мэргэжлээ дээшлүүлж, магистраар сурах бодолтой байна. БНХАУ-ын Үндэсний их сургууьд урлаг судлалын чиглэлээр Засгийн газрын тэтгэлгээр магистрантад сурах эрх авсан. Хөх хотод бүжигчнээр уригдаж ажиллана” гэв.
А.Нармандал “Бүжгийн урлагийн сургуулийн анхны төгсөгч болж байгаадаа баяртай байна. Дөрвөн жилийн хугацаанд маш их зүйлийг сурч мэдлээ. Цаашдаа “Түмэн Эх Чуулга”-д орно гэсэн зорилготой байгаа. Мөн магистртаа урлаг судлалын чиглэлээр сурах бодолтой байна” хэмээв.
Тус сургуулийн гадаад харилцаа нь амжилттай өргөжин, хөгжиж байгаа аж. Үүний нэгэн жишээ нь БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан урлагийн фестивальд 16 оюутан, хоёр багш амжилттай оролцоод иржээ. Цаашдаа олон олон тэмцээн уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )