Монголын залуус манлайллын өндөр түвшинд хүрснээ харуулсан онцлох үйл явдал 8-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Дэлхий даяар залуусыг манлайллын хөгжлөөр нэгтгэдэг сайн дурын JCI байгууллага нэг сая гаруй дэмжигч гишүүнтэй. Дэлхийн өнцөг булан бүрээс олон орон тус байгууллагын гишүүнээр элссэн байдаг учраас бүс, бүсийн чуулганыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл Ази-Номхон далайн бүсийн чуулганыг зохион байгуулах эрхийг JCI Монгол байгууллага хоёр жилийн өмнө авснаар ийнхүү 51 орны 3500 гаруй залуус манай улсыг зорин ирсэн юм.
Гадаадын хөгжингүй орнуудын бизнесмэн, манлайлагч 3500 гаруй залуустай JCI Монгол байгууллагын гишүүн залуус энэ өдрүүдэд хамтран томоохон чуулган, сургалт, нэгдсэн хуралдаан, мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээн зохион байгууллаа. Түүнчлэн зочин орнуудын Үндэсний Ерөнхийлөгч болон Тэргүүн дэд Ерөнхийлөгч нарын уулзалт, гишүүн орнуудын онцлогийг харуулсан шөнийн шоу зэрэг маш олон арга хэмжээг нэгэн зэрэг зохион байгуулсан юм.
Чуулганаас онцолж ярих сэдэв олон байв. Тухайлбал, JCI Монгол байгууллагаас санаачилсан ногоон хөгжлийн болон бизнес форум юм. Ногоон хөгжлийн тухай дэлхийн бүхий л улс орон гол үзэл баримтлал болгон хэрэгжүүлж буй билээ. Монгол Улсын хувьд энэ асуудал хамгийн чухлаар тавигдаж байгаа. Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны доройтол, гол мөрөн олноор ширгэж буй энэ үед дэлхий дахинд ногоон хөгжлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг чуулганы зочдоос дуулж, тэднээс туршлага солилцох нь хамгийн чухал гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол онцолж байв. Хогийн савыг хязгаарласнаар ард иргэд хог хаях нь багассан Тайвань, эрчим хүчний хэмнэлттэй барилга байшин олноор барьж, ард иргэдийнхээ тав тухтай, амьдралын чадавхийг бий болгож чадсанаараа 2013 оноос хойш дэлхийн улс орнуудын дундаас ухаалаг хотоор шалгарсан Австри улсын Вена хотын жишээг форумын үеэр дурдаж байлаа.
Ногоон хөгжлийн форумаас дутахааргүй ач холбогдолтой дараагийн үйл ажиллагаа нь бизнес форум байлаа. Монголыг зорин ирсэн гадаадын 3500 зочны олонх нь бизнесменүүд. Тэд олноор манай улсыг зорин ирсэн нь бизнесийн боломжуудаа танилцуулах, цаашид хамтран ажиллах, монгол бизнесмэн залуус гадаад харилцаагаа өргөжүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал байсан юм.
Ийнхүү дөрвөн өдөр нэгэн зэрэг олон талд чуулган, форум, нэгдсэн хуралдаан, сургалтууд, уран илтгэл, мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан үйл явдлыг 2017 JCI ASPAC-ийн оролцогчид өндрөөр үнэлж байлаа. Энэ тухай “JCI Монгол” байгууллагын 2017 оны үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг “JCI байгууллагын салбарыг Монгол Улсад 1992 онд байгуулан үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэхүү чуулганд олон улсын залуусын нийгэмд оруулсан сайн туршлагыг ярилцлаа. Энэхүү чуулган эдийн засгийн үр өгөөжийн хувьд гадаадын 3500 хүн Монгол Улсыг зорин ирж хэдэн өдрийн турш Улаанбаатарт чуулан, олон төрлийн үйлчилгээ авснаар 10 гаруй сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг бий болгож байна” гэсэн.
JCI Монгол байгууллага хоёр жилийн өмнө эх орондоо чуулганыг зохион байгуулах эрхийг авч хүчин чармайлт гарган, JCI байгууллагын Дэлхийн чуулгантай эн тэнцэхүйц болсон гэх оролцогч олон байсныг энд дурдах хэрэгтэй. Үүнийг баталж JCI байгууллагын Ерөнхийлөгч Даун Хетзел чуулганы үйл явцад сэтгэл хангалуун байгаагаа онцолж “Манай байгууллага дэлхийн 200000 гаруй идэвхтэн гишүүнтэй. Тэд 18-40 насныхан. Жил бүр дэлхийн дөрвөн бүсэд чуулганыг зохион байгуулдаг. Энэ жилийн бүсийн чуулганы хамгийн сүүлийнхийг Монгол Улс зохион байгуулж байна. Ази-Номхон далайн бүсийн чуулган бусад бүсийн чуулганаасаа ач холбогдол, цар хүрээгээрээ хамгийн өндөр нь. Зөвхөн Ази-Номхон далайнх ч гэлтгүй Европын орны гишүүн байгууллагын төлөөлөгчид энэхүү чуулганд оролцохоор ирсэн. Тэд бүгд дэлхийн эерэг өөрчлөлтийн төлөө юу хийж чадах вэ гэдгийг харуулах боломжийг энэ чуулганаар бий болгодог. Энэ боломжоос монгол залуус ч суралцан, эх орондоо, дэлхийд эерэг өөрчлөлтийг авчрах боломжтой” гэсэн бол “JCI” байгууллагын Ази-Номхон далайн бүсийн 2017 оны Ерөнхийлөгч Марк Брайн Лим “Энэ бол дэлхий дахинаа эх орноо сурталчилсан, бизнес эдийн засаг, аялал жуулчлалын өргөн боломжийг нээсэн үйл ажиллагаа. Манай байгууллага эерэг өөрчлөлтийг бий болгодог залуу удирдагчдыг төрүүлдгээрээ бахархдаг. Монгол Улс олон улсын манлайлагч залуусын чуулганыг зохион байгуулснаар тэдний бизнесийн ололт, амжилтын талаар нарийн мэдээлэлтэй болох юм. Ер нь “JCI” байгууллагын үйл ажиллагаанд монгол залуус маш идэвхитэй оролцдог. Үүний нэг илрэл нь бүсийн чуулганыг зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө амжилттай бэлдсэн үйл явдал гэж харж байна. Энэ бол монгол залуус манлайллын өндөр түвшинд хүрснийг харуулж байна” хэмээн онцолсон.
Түүнээс гадна монгол залуус олон улсын чуулганыг зохион байгуулахдаа мэдээллийн технологийг маш өндөр түвшинд ашиглаж чадсан нь томоохон онцлог байлаа. Чуулганы үеэр 120 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулахдаа мэдээллийн технологийн харилцаа, сүлжээн дээр олонх нь суурилж амжилттай болсон юм.
Монгол залуусын манлайллыг онцолсон 2017 JCI ASPAC-ийн хаалтын үйл ажиллагаа өчигдөр болов. Энэ үеэр “JCI” байгууллагын энэ жилийн шилдэг төсөл хөтөлбөрийн эзэд, уран илтгэл, мэтгэлцээний аваргуудыг тодруулан шагнал гардуулсан юм. 19 төрлийн шагнал гардуулснаас хамгийн олон шагналын эзнээр Хонконгийн JCI байгууллага шалгарсан бол Филиппин, Камбож, Малайз, Япон, Индонез, Энэтхэг улсууд ч шилдгийн шагнал гардсан юм. Харин Нийгмийн үүрэг хариуцлагатай шилдэг төслийн шагналыг JCI Улаанбаатар салбар байгууллага хүртэж, JCI Impact Mongolia 2017 оны Шилдэг шинэ салбар болов. Мөн JCI IMPACT салбар байгууллагын гишүүн Б.Ачбаяр илтгэх урлагийн уралдаанд олон орны илтгэгч залуустай өрсөлдөн шилдэг гуравт шалгарсан юм. Энэ мэтчилэн ололт амжилт, урам зориг, үр дүн өндөртэй 2017 JCI ASPAC Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )