Өнөөдөр зууны мэдээ сонины хэвлэлийн хурлын танхимд яруу найрагч Д.Галсансүх, АУЗ Т.Галсан, Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар хэвлэлийн хурал хийлээ.
29-р тусгай сургуулийн багш сурагчдын хооронд үүссэн асуудлаар яруу найрагч Д.Галсансүхын өмнө нь хийсэн тайлбарт тус сургуулийн багш нарын өмгөөлөгч Г.Батбаяр гэх хүн гүжирдүүлсэн хэмээн гомдол гаргаж 50 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Яруу найрагч Д.Галсансүх мэдэгдэхдээ “Би огт гүтгээгүй. Баримттай юм ярьсан” хэмээгээд Нийслэлийн Прокурорын газрын 2015 оны 12-р сарын 10-ны өдөр гарсан дугаар 76 тоот тогтоолын хуулбарыг сэтгүүлчдэд тараасан юм.
Уг тогтоолд өмгөөлөгч Г.Батбаярт эрүүгийн хуулийн 269-р зүйлийн нэг дэх заалт буюу Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн гэх үндэслэлээр эрүү үүсгэн шалгаж байсныг хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Д.Галсансүх “Миний хүүхдүүдийн идэх хоолноос хумслах гэсэн худалдагдсан өмгөөлөгч Г.Батбаярт хэлэхэд буруу хүнээрээ оролдлоо. Би эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүднээс өөрийн тань бүх хэргийг ухаж гаргаж ирнэ. Амьдралыг тань там болгоно” хэмээн хэлсэн юм.

Харин тус хэвлэлийн хуралд оролцож байсан АУЗ Т.Галсан “Өмгөөлөгч хүн ядарсан олныг, хүчин буурайг өмгөөлж, шударга үнэний талд зогсох ёстой. Гэтэл мөнгөтэйд үйлчилдэг, мөнгөнд шунасан байж болохгүй. Монгол хэлэнд мөнгө, хоол хүнсээр дутмаг хүнийг ядуу гэдэг, биеийн бүрэн бус хүний зүдүү гэдэг. Ийм ядуу зүдүү иргэдэд хатуурхдаг өмгөөлөгч байж болохгүй” гэж мэдэгдлээ.

Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “29-р сургуулийн хүүхдүүд бүх хичээлээ дохионы хэлээр заах шаардлага тавьсаныхаа төлөө ийм асуудалд орлоо. Энэ асуудалт бидэнд хүн ёсоор хандаж, туслалцаа үзүүлсэн Д.Галсан найрагчид маш их баярлаж байна. Мөнгөгүй хүүхдүүдийг үнэ төлбөргүй өмгөөлөөд өгөх хүн олдохгүй байна. Мөн дохионы хэл орчуулагч худлаа орчуулж байна гэж хэлж болохгүй, хараагүй хүнд таяг, тэргэнцэртэй хүнд тэргэнцэр байдаг бол сонсголгүй иргэдэд дохионы хэлний орчуулагч л хамгийн ойр дөхөм хэрэгцээ нь байдаг. Өмгөөлөгч Г.Батбаяр багш нарынхаа асуудлаа л хариуцаад явахгүй цагдаа нарт мэдүүлэг өгөөд сууж байсан хүүхдүүд дээр дайрч орж ирээд чанга дуугаар айлган сүрдүүлсэн” хэмээн хэлж байлаа.
Үүнээс гадна гүтгүүлсэн хэмээн өөрөөс нь 50 сая төгрөг нэхэмжлэн шүүхэд өгөөд байгаа өмгөөлөгч гэгдэх Г.Батбаяраас асуух арван асуулт байна хэмээн Г.Галсансүх найрагч мэдэгдэн сэтгүүлчдэд уншиж танилцууллаа. Эдгээр асуултыг сэтгүүлчдийг Г.Батбаяраас асууж өгөхийг хүсье.
Эцэст нь 11 цагт эхлэх байсан хэвлэлийн бага хурал бага зэрэг хоцорч эхэлсэн нь телевизийн сэтгүүлчид ирээгүйтэй холбоотой байв. Зарим эх сурвалжууд өмгөөлөгч Г.Батбаяр тус хэвлэлийн бага хуралд оролцуулахгүйн тулд ТВ-үүдэд мөнгө төлсөн байж магадгүй гэж ярьж байлаа.
С.Амаржаргал
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Батбяар гэдэг хүний хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхийг Холбогдох байгуулгууд нь хянаж хасвал таарна. Ямар чёс зүй алга энэ нөхөрт. Ядарсан хөөрхий хүүхдүүдэд туслахын оронд даварсан Захирал багш нарт мөнгөөр үйлчлээд байдаг мөнгөний шуналтай нөхөр байна. Шунал ихдвэл шулам болно гэдэг биздээ