Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нэгдүгээр ангийн иргэн, жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтан Ц.Адъяа-Отгон шүүхийн үйлчилгээний талаар баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газраас өнгөрсөн сард Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд "Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгуулах үеэр түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Шүүхээр үйлчлүүлсэн сэтгэгдлээ илэрхийлээч?
-"Сум хөгжүүлэх” санд зээлийн хэтрэлттэй байсан 19 иргэний талаар Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан юм. Хөдөө, орон нутгийн иргэд маань цагийн байдлаас шалтгаалан нүүдэллэн явдаг бөгөөд хаяг тодорхойгүй, утас нь ихэнхидээ холбогдохгүй байдаг. Дээрх 19 иргэнийг цуглуулаад аймгийн төв рүү 230 км явж очиход маш их зардал гарна. 19 иргэнээ бид нэг дор цуглуулаад аваад очиж чадахгүй. Увж, цуваад аймгийн төв рүү очно гэхээр гарах зардлын хэмжээ тэр хэрээр өссөөр л байна. Тиймээс бид эвлэрүүлэн зуучлагчийг сумандаа ирж ажиллахыг урихад хүлээн авсанд тун талархаж байна.
-Эвлэрүүлэн зуучлагчаар асуудлаа шийдүүлдэг талаар та яаж мэдсэн бэ?
-Манай суманд "Шүүхийн мэдээллийн самбар” байдаг. Тус самбарт шүүхэд хэрхэн хандах, мөн шүүхийн шинэтгэлийн үр дүнд бий болсон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар бичсэн байсан. Энэ мэдээллийн дагуу шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтантай утсаар холбогдсон. Түүнээс мэдээлэл авсны үндсэнд эвлэрүүлэн зуучлагчид хандсан нь дээр юм байна гэж бодсон. Учир нь, Аймгийн төвөөс хол амьдардаг бидний хувьд цаг хугацаа, зардал, чирэгдэл хэмнэсэн ажиллагаа шүү дээ.
-Та шүүх байгууллагын талаар ямар ойлголттой байдаг вэ?
-Эвлэрүүлэн зуучлагчтай бид утсаар холбогдоход саналыг маань хүлээн авч, одоо ийнхүү ажиллаж байгаад нүдээрэй хараад л итгэж байна. Өмнө нь би шүүх гэхээр өөрөө ямар нэгэн буруутай үйлдэл хийгээгүй ч гэлээ эмээх сэтгэл төрдөг байсан. Мөн шүүхэд гэмт хэрэг үйлдсэн, сальж сарнисан хүмүүс очдог газар гэж боддог байлаа. Гэтэл "Нээлттэй шүүх” өдөрлөгт өөрийн биеэр оролцож шүүхийн шинэтгэлийн явц, хэрхэн шинэчлэгдэж байгаа талаар бүрэн ойлголттой боллоо. Аймгийн төвд шүүхээр ороход л иргэдэд чиглэсэн мэдээллийн самбарууд байсан. Мөн мэдрэгчтэй мэдээллийн цахим самбар байсан. Түүн дээрээс шүүхээр үйлчлүүлж байгаа хэн бэ гуай ч өөрт хамаатай мэдээллээ аваад шүүхэд хандаж болохоор болсон байсан. Эндээс шүүх би цахимжиж, шуурхай үйлчилгээтэй байна гэж ойлгосон. Мөн мэдээлэл лавлагааны ажилтны мэдлэг, хүнтэй харьцах чадварыг сайшаамаар байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг, иргэд бид шүүх байгууллагыг бидэнтэй харьцдаг албан тушаалтнаар нь дүгнэнэ шүү дээ.
-2017 онд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн үр дүнг төгөлдөржүүлэх, шүүх-үйлчилгээний байгууллага болох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Шүүх үйлчилгээний байгууллага болсон гэдэгтэй та санал нийлэх үү?
-Шүүхээр үйлчлүүлж үзсэн хүний хувьд би шүүхийг бүрэн үйлчилгээний байгууллага болсон гэж дүгнэж байна. Нэг үгээр дүгнэж хэлвэл, шүүхийн үйлчилгээ малчны хотонд ч гэсэн хүрдэг болжээ. Би шүүхийн шинэтгэлийн талаар телевиз, радиогоор сонсож байсан. Мөн танай мэдээллийн самбараас холбогдох мэдээллүүдийг авдаг байсан. Гэвч шүүхийн талаар янз бүрийн бодолтой хүмүүс байдаг. Мэдээж хоёр иргэн маргалдахад ялагдсан, мөн шүүхээр яллагдсан иргэний шүүхийн талаарх сэтгэл, ханамж ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ хамгийн чухал нь шүүхээр үйлчлүүлэх өөрөөр хэлбэл шүүх хуралдааны танхимд байхаас бусад цагт шүүх иргэддээ нээлттэй, шуурхай үйлчилгээ үзүүлдэг байх шаардлагатай. Энэ шаардлагыг Дундговь аймаг дахь шүүх бүрэн хангаж байна гэж үзэж байна. Нэг иргэнд хүрсэн сайн үйлчилгээ, дараагийн хүмүүст дамжсаар сайн жишиг болдог. Тийм ч учраас би шүүхэд баярласан сэтгэлээ илэрхийлэх гэсэн юм. Та бүхэнд, шүүхэд баярлалаа.
Б.Алтандөш
-oOo-
Х.Рагчаа: Асуудлаа эвээр шийдүүлсэнд баяртай байна
Говь-Алтай аймгийн иргэн Х.Рагчаа шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Би Говь-Алтай аймагт амьдардаг. Налайх дүүргийн 2 иргэнээс нийт 11.320.000 төгрөгийн авлагатай. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өргөдөлөө хэрхэн гаргах талаар мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй уулзахад намайг хүндэтгэн хүлээн авч миний өргөдөл материалын бүрдүүлбэрийг шалгаж үзээд Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулсан. Энэ дагуу би эвлэрүүлэн зуучлалыг сонгож өргөдөлөө гаргасан.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа нь уг маргааныг ажлын 2 хоногт багтаан түргэн шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэж өгсөнд талархаж байна.
Тухайн асуудлыг шийдүүлэхийн зэрэгцээ Эвлэрүүлэн зуучлалын талаар тодорхой ойлголт авч, өргөн цар хүрээтэй мэдлэгтэй болсондоо туйлын их баярласнаа илэрхийлье.
Мөн уг асуудал нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвийн журмаар, түргэн шуурхай, зардал чирэгдэл багатай, өөрсдөө шийдэлд хүрч сэтгэл ханамжтай үлддэг нь гол онцлог юм байна.
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч М.Пагма-Оролмаа болон тухайн шүүхэд ажиллаж байгаа нийт шүүгч, ажилтнуудад ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар
Сэтгэгдэл ( 0 )