АНУ-ын Шүүх Сенатын гишүүн Роберт Кеннедиг хөнөөсөн иордан гаралтай Сирхан Сирхан гэгчийг хугацаанаас өмнө суллах асуудлыг хэлэлцээд татгалзсан шийдвэр гаргажээ. 66 настай Сирхан шоронд 43 дахь жилдээ хоригдож байгаа ч “Хийсэн үйлдэлдээ хангалттай гэмшээгүй” гэсэн үндэслэлээр суллахаас татгалзав.
“Би хийсэн хэрэгтээ өдөр бүр харамсдаг” гэж Сирхан хэлсэн ч үнэмшилтэй сонсогдоогүй ажээ.
АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийг буудан хөнөөснөөс хойш гурван жилийн дараа буюу 1968 оны зургадугаар сарын 5-нд Лос-Анжелесийн Ambassador Hotel-д түүний дүү Роберт Кеннедиг Сирхан буудсан юм. Хоёр дахь сум нь сенатч Кеннедигийн амин газар туссан гэж мэргэжилтнүүд тогтоосон.
Шүүх Сирханд цаазаар авах ял оноосон ч хохирогч Роберт Кеннедийн гэр бүлийнхэн насаар нь хорихыг хүссэн билээ. Үүнээс гадна 1972 онд АНУ-ын Дээд шүүх цаазаар авах ялыг хэрэглэхээс татгалзсанаар Сирханд насаар нь хорих ял оноосон юм.
Сирхан хэрэг үйлдсэнээ эхлээд хүлээн зөвшөөрөхгүй байснаа хожим аллага хийсэн мөчөө огт санахгүй байна гэж өгүүлэх болсон. Гэлээ ч сүүлийн жилүүдэд хэрэг хийснээ хүлээн зөвшөөрөх болжээ.Тэрээр нийтдээ 13 удаа хугацаанаасаа өмнө суллагдахаар хичээсэн ч амжилт олоогүй байна.
Сирханыг хугацаанаас нь өмнө суллах асуудлыг таван жилийн дараа дахин авч хэлэлцэнэ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )
Манайд Оюутолгойн гэрээ хийсэн хэдийг ингэмээр байна