Гэрч, хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэх үү

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 05

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг хэлэлцсэн байна.

Тодруулбал, төсөлд иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулах,

  • Гэрч, хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

“Зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ” гэсэн нь Эрүүгийн хуульд заасан “зорчих эрхийг хязгаарлах ял”-тай нэршлийн хувьд давхцаж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг “хязгаарлалт тогтоох” гэж өөрчлөх,

  • Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд цэргийн албан хаагчтай холбогдох зохицуулалтыг нэмэх,
  • Шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг төсөлд нэмэх,
  • Сэжигтнийг баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгон өөрчлөх,

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бүх хэрэгт заавал хийхээр тусгасан байсныг өөрчилж, талуудын хүсэлтээр, эсвэл шүүхийн санаачлагаар хийхээр тусган, үүнтэй холбоотойгоор яллагдагчийг урьдчилан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг төсөлд нэмэх,

  • Гэрч хохирогч, шинжээч, яллагдагчийг шүүх, прокурорын дуудах хуудсаар ирүүлэхээр төсөлд тусгасан дээр нэмж дуудан ирүүлэх эрхийг мөрдөгчид олгох,

Гэм буруугийн шүүх хуралдааныг заавал хийхээр тусгасныг өөрчилж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хийхээр, мөн шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх асуудлыг төсөлд нэмж тусгах зэрэг саналыг хэлэлцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нухацтайгаар хэлэлцэх шаардлагатай байна хэмээн УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаснаар УИХ-ын дарга дөрөв хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэлээ.  

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top