МОКС-МЗНН-ННМЭ-ийн 70 жилийн ойн мэндчилгээ

2017 оны 05 сарын 03

Анд найз нар аа!

            Одоогоос 70 жилийн тэртээ гадаадтай найрамдал, соёлоор харилцах монголын анхны нийгэмлэг буюу МОКС/1951 оноос Монгол-Зөвлөлийн найрамдлын нийгэмлэг, одоогийн Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл/ үүсэн байгуулагджээ.

            Энэхүү байгууллагын 70 жилийн түүхэн замнал нь найрамдлын зөвхөн нэг нийгэмлэгийн төдийгүй Монгол Улсад ардын дипломатын байгууллага үүсч хөгжсөний баялаг түүх юм.

            ЗХУ-тай найрамдал, соёлоор харилцах нийгэмлэг байгуулагдсан нь тэр үеийн Монгол орны нийгмийн амьдралд цоо шинэ үзэгдэл болж өргөн олныг хамарсан  идэвхтэй үйл ажиллагаагаараа Монголын олон нийтийн талархлыг хүлээж, Зөвлөлтийн ард түмний түүх, соёл, ёс заншилтай танилцах, харилцан ойлгох, баялаг туршлагаас нь суралцах, хамтран ажиллах  гэсэн Монголын ард түмний чин хүсэл эрмэлзлэлийн бодит илэрхийлэл болсон гэж хэлж болно.

            МОКС-МЗНН-ийн үйл ажиллагаа нь өөрийн түүхийн бүхий л үе шатанд манай хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, хоёр орны соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хэлбэрэлтгүй чиглэж, энэ талаар тэр үеийн Монгол орны төр засгийн  хэрэгжүүлж байсан гадаад бодлогыг олонд түгээн сурталчлахад идэвхтэй дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй.

            МЗНН-ийн төв, орон нутгийн салбар зөвлөлүүд байгуулагдсанаар түүний  олон талт идэвхтэй үйл ажиллагаа манай орны өнцөг булан бүрт хүрч, цар хүрээ нь  улам тэлэн,  монголын олон нийтийн сайн мэддэг, жинхэнэ ардын дипломатын байгууллага болж чадсан билээ. 

            Манай олон нийтийн сайн мэддэг, хүсэн хүлээдэг, өргөн олныг хамарсан том арга хэмжээ бол жил бүрийн 10 дугаар сард зохиодог “Найрамдлын сарын ажил” байсан бөгөөд үүнийг санаачлагч, гол зохион байгуулагч нь МЗНН, түүний аймаг орон нутгийн салбар зөвлөлүүд байсан юм. Өнөөдөр “Найрамдлын сарын ажил” нь “Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны Өдрүүд” нэртэйгээр цар хүрээ нь өргөжин тэлж, агуулга, хэлбэр нь улам бэхжиж, олон түмний хүсэн хүлээж байдаг найрамдлын баяр хэвээр үргэлжилж байна.

            МОКС-МЗНН-ээс Монгол-Зөвлөлийн найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан их хувь нэмрийг Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Холбоот Улсын төр засаг өндрөөр үнэлж Монголын “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”, Зөвлөлтийн “Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн Одон”, “Улс түмний найрамдлын Одон”-гоор тус тус шагнасан нь бидний бахархал, бидний дурсах их түүх, бидний тууштайгаар  үргэлжлүүлэх ёстой баялаг өв юм.


            “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн манай ардын мэргэн үг байдаг. Бид түүхийн бүх цаг үеийн нугачаанд Оросын ард түмэнтэй сайн хөршийн найрсаг харилцаатай, ахан дүүсийн нягт холбоотой явж иржээ. Манай орны эрх чөлөө тусгаар тогтнол, сэргэн мандалт, ололт амжилт, сайн сайхан бүхэнд зөвлөлтийн ард түмэнтэй тогтоосон бүх талын хамтын ажиллагаа үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэснийг монголын ард түмэн сайн мэддэг учраас хүндэтгэлтэй ханддаг юм. Монгол-Зөвлөлтийн найрамдлыг “Газарт галтай дархалж, тэнгэрт нартай мөнхөлсөн” манай ард түмний  оюуны энэ их өвийг төлөвшүүлэн бий болгоход МОКС-МЗНН-ийн гүйцэтгэсэн үүрэг, гавьяа зүтгэл асар их ээ.

            “Монгол улсын орчин үеийн гадаад бодлогын үзэл баримтлалд” ОХУ-тай бүх талын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь  Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж заасан байдаг. Өнөөдөр МОКС-МЗНН-ийн залгамж байгууллага болох Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг  нь урьд нь хуримтлуулсан их өв уламжлалыг хадгалан, төр засгийнхаа гадаад бодлогыг өргөн олон нийтэд сурталчлан түгээх гүүр болон ажиллаж байна.

Баялаг түүхтэй, байгуулсан гавьяатай, Гадаадтай найрамдал, соёлоор харилцах  монголын анхны нийгэмлэг болох МОКС-МЗНН-ННМЭ-ийн 70 жилийн ойн баярын мэндийг Та бүхэнд хүргэе!

Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэлийн тэргүүн,

Монгол улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар,

Сансрын нисэгч Ж.ГҮРРАГЧАА


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top