Жигжид зусланд их хэмжээний гал гарчээ

2017 оны 05 сарын 02

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр иржээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг зогсоосон.

Хашааны шар өвсөө шатааж гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, 2 айлын байшин шатсан байна.

Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, авран хамгаалж ажиллалаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймэрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хаврын хуурайшилтын үед зуслангийн чиглэлд энэ төрлийн дуудлага буурахгүй байна.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top