ОХУ-ын эрх баригчид Боловсрол шинжлэх ухааны салбар хариуцсан яамыг хоёр хуваахаар шийдээд байгаа гэнэ. “Московская новости” сонин энэ талаар мэдээлсэн байна. Засгийн газрын өндөр тушаалын эх сурвалжаас авсан энэ мэдээлэл үнэн гэдэгт редакц маш итгэлтэй байлаа. Энэ шинэ яамны сураг 2012 онд мөн яригдаж байсан аж. Яамдын нэг нь хүүдийн цэцэрлэг болон Ерөнхий боловсролын асуудлыг хариуцах бол нөгөө нь мэргэжлийн, дээд боловсролын асуудлыг хариуцах ажээ. Мэргэжлийн дээд боловсролыг хариуцсан яам нь шинжлэх ухааны салбараа давхар хариуцаж явах юм байна. Ингэхээр энэ яамны сайд болсон хүн их, дээд боловсрол болон шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд зарцуулагддаг асар их мөнгөний углуурга дээр суух ажээ.
Боловсрол шинжлэх ухааны яамыг хоёр салгаж магадгүй гэдгийг Д.Медведев Ерөнхийлөгч байхдаа цухалзуулж байсан юм. Тэгэхэд тэрбээр БШУЯ-ыг хэт өргөн асуудлыг хариуцсан, бэрхшээл ихтэй” гэхчлэн тодорхойлж байсан бөгөөд бага дунд боловсролыг хариуцсан яам байгуулах шаардлагатай гэсэн утгатай зүйл ярьж байсан билээ.
ОХУ-ын Боловсрол шинжлэх ухааны яам нь одоогийн зохион хэлбэртээ 2004 онд, Үйлдвэрлэл, шинжлэх ухааныг яамыг хоёр хэсэг салгаж, шинжлэх ухааны салбарыг Боловсролын яаманд нэгтгэснээр орж байсан юм. Зөвхөн иргэд ч биш багш нарын зүгээс шүүмжлэл маш их ирэх болсон учраас энэ салбарт ийнхүү шинэчлэлт хийхээр болсон гэж дээр өгүүлсэн мэдээлэлд дурдсан байна. Шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд дээр яамдыг хоёр хуваахаас гадна Ерөнхий боловсролын стандартад өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа аж. Жишээ нь орос хэл, матемтикийн хичээлийг Ерөнхий боловсролын жагсаалтаас хасч ч магадгүй байгаа гэнэ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )