JCI Монгол байгууллагын монгол, англи хэлний илтгэх урлаг мэтгэлцээний тэмцээн ес дэх жилдээ амжилттай болж байна

2017 оны 04 сарын 15

JCI Монгол байгууллагаас зохион байгуулдаг Англи, Монгол хэл дээрх илтгэх урлагийн болон мэтгэлцээний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаагийн тэмцээн Их Засаг ОУ-ын сургууль дээр боллоо.

Нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, 2017 оны JCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг, JCI Монголын гишүүн олимпын алтан медальт Д.Баатаржав, JCI Монгол байгууллагыг 1992 онд анх үүсгэн байгуулсан Д.Галсанбуян, JCI Монгол байгууллагын 2017 удирдлагын баг, синаторууд, нийт гишүүд, сонирхогч нар хүрэлцэн ирлээ.


   JCI Монгол байгууллагын 2017 оны Үндэсний ерөнхийлөгч П.Батхишиг 

Тэрбээр “JCI байгууллагын залуусаа хөгжүүлдэг үндсэн нэг чиглэл нь англи, монгол хэл дээрх уран илтгэл, мэтгэлцээний тэмцээн юм. Тэмцээн хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, Азийн болон дэлхийн тавцанд бусад хэлээр залуус хоорондоо мэтгэлцэх. Үүний хүрээнд олон үе шаттай сургалтууд хийгддэг. Сургалтад үндэслэн онолын дагуу мэргэжлийн шүүгч нарыг урин, бэлтгэл хангасны үр дүнд тэмцээнийг зохион байгуулдаг. Тэмцээний чанар жилээс жилд сайжирч байна. Залуусын үзсэн харсан, уншсан мэдээлэл нь өргөн хүрээг хамарч байгаа нь ажиглагдлаа. Мөн хүмүүсийн тавьж байгаа илтгэл, мэтгэлцээнийг үзэнгээ суралцаж, дараа жил орох бэлтгэлээ хангаж байгаа ч хүн байна. Жил бүрийн тэмцээнд шинэ залуус нэмэгдэж байгаа нь тэмцээн хэр өргөн хүрээг хамарч байгааг харуулж байна” хэмээлээ.

 Англи хэлний илтгэлийн тэмцээн хоёр шаттай зохион байгуулагдлаа. Сүүлийн шатанд дөрвөн хүн шалгарах бөгөөд өгөгдсөн сэдвүүдээс сугалан шууд илтгэл тавих юм. Тэмцээний ялагч энэ оны зургадугаар сард Монголд зохиогдох JCI байгууллагын ази номхон далайн бүсийн чуулганд оролцон ОУ-ын залуустай өрсөлдөх эрхтэй болох аж. Оролцогчдын илтгэл тавих дарааллыг сугалаа сугалуулан тодрууллаа. Тэмцээний салхийг хагалахаар JIC Лидер салбарын 2017 оны сургалтын хорооны захирал Ж.Цэцэгсайхан англи хэл дээрх илтгэлээ тавилаа.

Тэрбээр “Миний оролцсон анхны илтгэлийн тэмцээн болж байна. Илтгэлээ сүүлийн гурав хоног бэлдсэн. Илтгэлийн маань сэдэв бол миний эмзэглэж явдаг “Арьс өнгөний ялгаварлан гадуурхал” сэдэв байсан учир бичихэд хялбар байлаа. JCI байгууллагын гишүүн болсноор өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх чадвараа хөгжүүлэх болон хувь хүнийхээ хувьд суралцах боломжийг олгодог. Мөн долоо хоног бүр сургалт явуулдаг. Тус сургалт нь ямар ч үнэ төлбөргүй юм. Хамт олны хувьд маш нөхөрсөг, яг л 10 жилийн анги шиг. Энэхүү байгууллагад нэгдээд зургаан сар болж байна” гэлээ.

Мэтгэлцээний тэмцээн нь хүмүүсийн хамгийн их сонирхож буй төрөл байлаа. Оролцогчид ширүүн өрсөлдөөнтэй болж байгааг онцолсон юм.  Тэмцээнд нийт 52 хүн ур, ухаанаа сорилоо.

JCI  Их хүрээ салбарын гишүүн "Монгол мэтгэлцээн" тэмцээний оролцогч Б.Цолмонбаяр 

 “Тэмцээнд анх удаа оролцож байна. Мэтгэлцээний тэмцээн нь хүний суралцах ёстой, эзэмших хэрэгтэй чадварыг суулгаж өгдөг юм байна. Ялангуяа нийгэмд манлайлах гэж байгаа залуу хүний хувьд нэн тэргүүнд сурах ёстой чадварыг энэхүү мэтгэлцээний тэмцээнээс олж авлаа. Тухайлбал, яаж үзэл бодлоо илэрхийлэх, түүнийгээ хэрхэн баримтжуулж, баталгаажуулах, ятган үнэмшүүлэх чадвар ямар их хэрэгтэй болохыг энэ тэмцээнээс мэдэрлээ. Өрсөлдөгч нарын чансаа сайн байна” гэлээ.

Монгол хэл дээрх илтгэлийн тэмцээн нь мөн л хоёр үе шаттай явагдав. Найман салбарын гишүүдээс эцсийн шатанд дөрвөн хүн тунаж үлдэх бөгөөд өгөгдсөн сэдвийн хүрээнд илтгэл тавина. Улмаар эхний гурван байрыг шалгаруулах юм.

Тэмцээн зохион байгуулж байхад ямар нэгэн саад бэрхшээл гараагүй бөгөөд зохион байгуулалт сайн байгааг оролцогчид онцлов.

JCI Импакт салбар байгууллагын 2017 оны ерөнхийлөгч, тэмцээний зохион байгуулагч Ч.Ундрам

“Өнөөдөр JCI-ийн хамгийн оюунлаг тэмцээн явагдаж байна. Энэ тэмцээнд мэргэжлийнхээ дагуу ажил хийж байгаа хүмүүс өөрсдийгөө хөгжүүлэн, бэлтгэл хийн оролцдог. Өмнө нь би англи хэлний мэтгэлцээний тэргүүн байрыг хүртэж байсан. Энэ жилийн тэмцээн нь дэлхийн JCI байгууллагын ерөнхийлөгчийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд багтсан “Бидний хүсч буй дэлхий” гэсэн сэдвийн хүрээнд болж байгаагаараа онцлог. Мөн анх удаагаа их сургуулийн орчинд тэмцээнээ зохион байгууллаа” гэлээ.

JCI байгууллага нь 13 салбартай бөгөөд нийт 800 гаруй гишүүдтэй юм. Ийнхүү ес дэх жилдээ JCI Монгол байгууллагаас зохион байгуулдаг гурван төрөлт тэмцээн амжилттай боллоо. Тэмцээний ялагчдыг өнөө орой тодруулах аж.

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top