Архангай Алтан Дорнодын Дайчид цувралыг тэнцүүллээ

2017 оны 03 сарын 11

МҮСБХ-ноос зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний аваргын төлөө Сүхбаатар аймгийн Сүхбаатар Альянс Тех, Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид тунан үлдээд байгаа.

Цувралын хоёр дахь тоглолт өчигдөр Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд боллоо. Эхний тулаанд Сүхбаатар хожсон. Тиймээс Дайчид дахин хожигдвол улам хүнд байдалд орох байсан юм.

Тоглолтын эхнээс Алтан Дорнодын Дайчид-ын хамгаалалт сайн ажиллаж байлаа. Улмаар эхний хагаст 36:38-аар Дайчид хоёр оноогоор илүү дуусгав. Гуравдугаар үеийн эхэнд Сүхбаатар Альянс Тех ээлж дараалсан бөмбөг алдалт хийж, улмаар архангайчууд довтолгоогоо тун нямбай гүйцэтгэн 10 гаруй оноогоор тэргүүлж эхлэв. Тэд давамгайллаа хадгалсаар шийдвэрлэх дөрөвдүгээр үеийг эхлүүлсэн юм. Гэхдээ Сүхбаатар Альянс Тех плей-оффын тоглолтод Дундговь аймгийн эсрэг 20 оноогоор хожигдож яваад эргэн ирэлт хийж барьсан. Тэд Үндэсний лигт бүтэн талбайн хамгаалалтыг хамгийн төгс хийж буй баг.

Дөрөвдүгээр үед Сүхбаатар бүтэн талбайн хамгаалалт авч, өрсөлдөгчөө сандаргаж байлаа. Гэвч хүчирхэг бүрэлдэхүүнтэй Архангай хамгаалалтыг хэрхэн сэтлэх учраа хялбархан олсон юм. Ийнхүү Архангай Алтан Дорнодын Дайчид өрсөлдөгчөө 96:86-гаар буулган авч, цувралыг 1-1 болгон тэнцүүллээ.

Тус тоглолтод Роберт Тюрнер 30 оноо, 8 самбар авч багаа ялалтад хөтөлсөн юм. Мөн О.Энхбаатар 16, Маркус Хэммондс 16, Ким Чол Мён 13 оноо авчээ. Сүхбаатараас Э.Дөлгөөн 25 оноо, 13 самбар, Карл Блэйр 20 оноо, 10 оновчтой дамжуулалт өгсөн ч 11 бөмбөг алдалт хийсэн юм. Б.Батзолбоо 14 оноо, 12 самбар авсан байна.

Архангай аймгийн багаас ОУХМ Ц.Мэргэн, залуу тоглогч Цэвээндорж нар тоглолтын хоёрдугаар үед Сүхбаатарын төвийн тоглогч М.Харрисыг сайн хамгаалсан юм. Улмаар түүнийг маш эрт алдааны асуудалд оруулж чадсан. Ер нь тоглолтын турш "Алтан Дорнодын Дайчид"-ын хамгаалалт гайхалтай ажиллаж байсан юм. Сүхбаатар тус тоглолтод 32 удаа бөмбөгөө алдсан нь Архангай хамгаалалт онцгой байсныг илтгэх биз ээ.

Цувралыг гурав дахь тоглолт жинхэнэ цусгүй тулаан болох нь гарцаагүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top