Бидний цогцлоон байгуулж буй нийгэм

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 26

  Өнөө цагийн Монголчууд бид 1990 оноос эхэлж Ардчилсан шинэ  нийгэм цогцлоон байгуулахаар шулуудсан билээ.  Мэдээж бид хамтын амьдрал нийгэм журамаа  зохион байгуулж  босгохын тулд  гол баримтлах  гэрээ болох “Үндсэн хууль” буюу тоглоомын дүрмээ боловсруулж 1992 оын нэгдүгээр сарын 13-наас мөрдөж эхэлсэн. Энэ чухал бичиг баримт бол бид бүгдийн зүг чигийг заагч, гол дүрэм, журам жанжин шугам. Үүнийг хэн ч зөрчихгүй, үүнээс хэн ч гажихгүй гэдгээ андгайлсан гэсэн үг. Хэрэв зөрчвөл тоглоомноос шууд хасагдана. Дүрэм бол энэ. “Үндсэн хууль” 14- дүгээр зүйл: 1 Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн  өмнө эрх тэгш байна....  Хууль бол энэ. Ийм л байх ёстой. Учир нь мал, амьтан, жигүүртэн шувууд, ойн амьтад хүртэл ширэнгийн хууль, дүрмийнхээ  хүрээнд амьдардаг тул хүмүүн бид хууль, дүрэмгүй, дүрмээсээ гадуур  амьдарна гэвэл ёсонд хазгай  болно. Өөрөөр хэлбэл  байгалийн хууль, жам ёсноос  үл гажина гэдгээ нотолж байгаа хэрэг. Америк, Англи, Хятад, Орос гэх мэтчилэн ямар хэлбэрээр нийгэм журамаа байгуулсан гэдгээс шалтгаалж тухайн улсын нийгэм гэж ярьдаг.  Ерөнхий утгаараа нийгэм нь  хүний амьдрах орчин, түүнд хандах хандлагын онцлог юм. Тухайн улсын иргэд нийтээрээ эвлэлдэн нэгдэж амьдрах орчин, нийгмээ зохион байгуулж  улс, эх орноо цэцэглүүлэн хөгжүүлж ирээдүй хойчдоо хүлээлгэн өгдөг гэхэд болно. Нийт иргэдийнхээ амьдрах орчинг бүрдүүлэхэд өөрсдийнх нь  байгуулсан  төр туслаж дэмжин үйлчилж байх ёстой гэсэн нэг мөр ойлголтой явдаг.  Гэтэл Монгол Улсад өнөөдөр бидний байгуулсан “Төр”-ийг нам гэгч нэрийн дор бүлэг хүмүүс  хуйвалдаан,  авилга хээл, хахуул,  дарангуйлалын систем болгон хувиргаж аваад,  аалз төрүүлсэн эхийгээ идэж өсдөг шиг төрд шургалсан  нам гэгчийн  бүлэглэлүүд иргэдийнхээ байгуулсан төр болон  эх орныг минь  эргэн мөхөөх гэж идэж уух нь ихсэж улайрсаар байна. Ингэж мухардал руу чирэх нам хэмээх бүлэг хүмүүс төрийн нэрийг   ашиглан  бохир үйлдэлээ хийх хуйвалдааны үүр болгож, төр хэмээх багийг нүүрэндээ зүүгээд гэгээн дүртэй амьтад болон хувирна. Энэ  нь хүн бүхэнд тодорхой харагдаж байсан ч үл анзаарах, мэдсэн ч мэдээгүй дүр үзүүлж мэдэн будилах хүлээсэнд баригдсан  байдаг. Тэд гадна болоод дотор ямар нэгэн муйхар үзэл сурталаар ард түмний тархийг угааж боолчилолын гинжээ сөөм, сөөмөөр ахиулсаар байна.  

    Чингис эзэнт Монгол ТББ –ын тэргүүн П.Даваадорж: “Нийгэм нь өөрийгөө үүсгэн нөхцөлдүүлэгч байгалийн хуулинд захирагдах зохилдлогоор явж байх ёстой. Энэ ухаанаар  л нийгэм байгуулахыг иргэний нийгэм гэдэг.  Иргэний нийгмийг аль улсад үндэсний эрх ашиг, уламжлал, соёл, өв заншил, төрт ёс, дархлаагаа тогтоосон гэдгээр нь тухайн  улсын нийгэм гэж ондоошдог. Иргэний нийгмийг байгуулахын тулд улс төрийн системийг зохион байгуулдаг, нийгмийн дэвшилийг тодорхойлогч улс төрийн систем нь нэгдлийн болон сөргөлдөөний зарчимд тулгуурлан үйлчилдэг”  гэлээ.

Ингээд л  бид өнөөдөр сөргөлдөөний зарчимаар явж буй бололтой. Учир нь нийгэмд гэмт хэрэг, архи тамхи, авилга хээл, хахуул, луйвар цэцэглэж намын үүр бараадсан цөөнхийн дарангуйлал тогтож түмэн олон хөсөр хаягдаж хамтын амьдралын гэрээ, дүрэм,  журам буюу Үндсэн хууль зөрчигдөж байгаагаас харж болно.  

Хамтын амьдралын гэрээ

Аливаа орны иргэд Улс төрийн системд төрөө байгуулахдаа иргэн өөртөө зориулж, өөрийнхөө хүсэл сонирхолд түүнийгээ нэгтгэн өөрийгөө болон бусдыг хамгаалах зорилгоор байгуулдаг. Иргэн, төр хоёр  бие биенийхээ дур зоргийг харилцан хяналтаар тэнцвэртэй хянаж байдаг. Тэгвэл иргэн бүрийн хүсэл, сонирхолд зориулагдсан хэрэгцээ, шаардлагаар үүсдэг бас нийгэмдээ үйлчилдэг. Хүн бүрийн  сайхан амьдрах боломж,  улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санаа, соёлын орчныг төр  бүрдүүлэн ажиллах ёстой атал бас л бидний өнөөх хамтын амьдралын гол зарчим  гэрээ, хүний үндсэн ёс зүй  өнөөдөр алдагдчихаад байна.  Үүний гол буруутан нь олигархижсан бүлэг хүмүүс буюу намуудын бохир үйл ажиллагаа юм. Үндсэн хууль хоёрдугаар бүлэг,  13 –дугаар зүйл: Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана. Энэ бол гэрээ. Хууль бол энэ. Нөгөө талаар иргэд бид  зохион байгуулсан Төрдөө зөв хүнээ сонгож гаргахын оронд тав, арван төгрөгөөр буюу өнөө маргаашийнхаа талхыг бодож  буруу гарын хүмүүсийг оруулж ирсээр байгаатай холбоотой юм.  Уг чанартаа хүн  бүр оролцож байгуулсан  төрөө хамгаалж, хянаж  байхгүй бол тэнд орсон хүмүүс нь олигархи, аалз болон хувирч   эргээд  идэж эхэлдэг жишээ баримтууд их бий.  Ингэхэд “Төрийн төлөө огтоно боож үхлээ” гэсэн ойлголт соц үеийнх байж болно. Харин өнөө үед  Монгол хүн бүр төрийнхөө төлөө боож үхэхэд ч багадах болоод байна. Тэгж байж л бид эвлүүлэн босгосон Төрөө хамгаалж үлдэх боломжтой. Өөрөөр хэлбэл хүн бүр улс төрчиж, төр, улс эх орондоо эзэн болох зайлшгүй шаардлага бидний өмнө тулгараад байна. Яг энэ цаг дор  гурван сая гаруй хүн Монгол Улсынхаа төрийг олигархи бүлэглэл, урваач, шарваачдаас хамгаалж чадвал Монгол үндэстэн бидний тусгаар тогтнол баттай болж  ирээдүй өөд итгэлтэй харж  болно. Хэрэв бид өнөөдрийн шиг мэдсэн ч мэдэн балай, сонссон ч чихэн  дүлий мэт суусаар өнөө маргаашийнхаа бор ходоодоо бодоод өнгөрвөл Монгол Улсын ирээдүйн тусгаар тогтнол гэж ярилтгүй болох  биз.

 Чингис Хааны Монгол Төр 

“Монголчууд бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг. Монголын сонгодог Төр  бол хүн нэг бүр нь хэлэлцэж, өрх бүр, өрхийн гишүүн бүр оролцдог гэр бүлээрээ  зөвлөдөг гайхамшигт засаглалтай байжээ. Энэ нөхцөлд буруу тийш хазайх ямар ч арга байхгүй хамтын хүчээр байгуулсан төрөө  бүгд оролцож хамтран удирдаж, зохион байгуулж, хянаж чаддаг өндөр ёс зүйтэй  ард түмэн гэж түүх өнөөдөр бахархаж байна. Энэ сайхан уламжлалаа сэргээх хэрэгтэй юм. Чингис хааны Монгол Төрийн гайхамшигт зохион байгуулалтаар өнөөдөр дэлхий бахархаж түүнээс суралцахаар өдөр бүр эрэл хайгуул хийж байхад харин үр хойч нь болсон бид уламжлалаа уландаа гишгилж нам хэмээх бүлэг хүмүүсийн  золиос болж сууна. Алдааг засаж болно харин дахин алдаж болохгүй. Энэ үүднээс хүн бүр байгуулсан төрийнхөө төлөө огтоно мэт зүтгэж, төрөө хянаж хамгаалья!  Үүний ач тусаар  Чингис хааны  Монгол Төрт ёсны уламжлал  сэргэн Улс шиг улс,  Төр шиг төртэй болно. Үүний төлөө Монгол хүн бүр морь, нохой мэт зүтгэх хэрэгтэй. Мэдээж бид хуулийн хүрээнд ажиллах ёстой.

Үндсэн хууль: Зургадугаар бүлэг 70 дугаар зүйл: 1 Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино. Хууль бол энэ.  Энэ цаг үед амьдарч буй Монголчууд бид эрх зүйт төрөө байгуулаад хорь гаруй жил болж байгаа бөгөөд Монгол Улсын бүрэн эрхт байдал үндсэний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх,  эрх чөлөөгөө хадгалан нийгэм журамаа цогцлоон байгуулж чадвал Чингис хаан адил биднийг  ирээдүй хойч үе,  үеийн үед  хүндэтгэн талархах болно.

 Д.Дугтуй

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэндэн(150.129.141.125) 2025 оны 03 сарын 13

дэмжиж байна,

1  |  0
Km(103.26.195.132) 2025 оны 03 сарын 13

Elbeg pi-giin bguulsan niigem

1  |  0
harhun(202.9.42.137) 2025 оны 03 сарын 13

novshiin niigem shuudee.shudarga bus

1  |  0
Top