“Apple” корпораци ердийн цаасан цүнхний зохиогчийн эрхийг өөрийн болгож авчээ. Хүсэлтээ аль гуравдугаар сард өгсөн ч сая л албан ёсоор эзэмших гэрчилгээгээ гардсан байна. Энэ мэдээг уншиж буй уншигч та “Шинэ цүнх нь компьютерийг орлодог, блютүүттэй янзын эд байх" гэж таамаглаж байж ч магадгүй. Гэвч үгүй, ямар ч ид шидгүй жирийн цүнх ажээ. Өндөр технологийн салбарт тэргүүлэгч байж, хэрэглэгчдээ гайхшруулаад сурчихсан тэднийг ийм энгийн зүйл рүү “гар дүрсэн” явдалд олон хүн гайхаж байна. Зохион бүтээгчид нь шинэ бүтээлээ зүгээр л “цүнх” гэж нэр өгснөөс нь ч харсан ямар нэг гайхамшиг энэ цүнхэнд байхгүй. Гэхдээ “Apple” дэвшилттэй бус зүйлд хөрөнгө, хугацаа зарцуулна гэж үү. Шинэ цүнх нь бусад цаасан цүнхийг бодвол хамгийн бага мод орсон гэдгээрээ онцгой гэнэ.
“Apple”-ийн шинэ бүтээл гарахаас өмнө цаасан цүнхний материалын 10-50 хувийг л дахин боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг байжээ. Харин “Apple” үүнийг 60 хувьд хүргэж чадсан аж. Ингэснээрээ байгаль орчимнд хамгийн ээлтэй бүтээгдэхүүн болжээ. “Apple” корпораци сүүлийн үед байгаль орчинд ээлтэй технологи хөгжүүлэхэд ихэд анхаарч, хөрөнгө оруулах болсны нэг жишээ нь энэхүү цүнх юм байна.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )