“Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын заалны их засвар, дээврийн засварын иж бүрэн засвар тохижолтийн ажил хийгдэн, 2017 оны 01 сарын 17-ны өдөр нээлтийн үйл ажиллагаагаа хийн, ашиглалтанд хүлээн авлаа.
Тус эмнэлгийн хурлын заал нь 1986 баригдсан бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа их засвар хийгдэж байгаагүй, зун намрын борооны улиралд дээврээс их хэмжээний дусаал гоождог, өвлийн улиралд хана таазнаас их хэмжээний дулаан алддаг, хурал семинар хийхэд туйлын тохиромжгүй хүндрэлтэй болсон байсан юм.
Дээрх төслийн хүрээнд энэхүү хурлын танхимыг дээвэр болон дотор гадна ханын дулааны алдагдлыг багасган, холбоо дохиолол, салхивч гэрэлтүүлэг мэдээллийн системийг иж бүрэн шинэчлэн, дотоод засал чимэглэлийн өнгө үзэмж, дуу дүрс, акустикийн шийдлийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засварлаж 280 хүний суудалтай хурал, семинар, сургалт явуулахад шаардлагатай бүхий л төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн хэрэгцээг хангасан хурлын танхим болгон засварласан байна.
Хурлын заалны их засвар, дээврийн их засварын зураг төслийг “ӨРНӨЛ ПРОЕКТ” ХХК хийж, барилгын засвар, тохижолтын ажлыг “ДАЛУ” ХХК 6 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.




Сэтгэгдэл ( 0 )