А.Тлейхан: ХЭРЭГЛЭГЧИД АЮУЛГҮЙ ЦАХИЛГААН ХАЛААГУУР АШИГЛАХ ШААРДЛАГАТАЙ

2017 оны 01 сарын 03

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Засгийн газар энэ сараас гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэх шийдвэр гаргасан.  Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх тогтоолыг Эрчим хүчний хорооноос гаргасан байна.Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр хэчнээн төгрөгийн зардал гарах вэ?

-Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны төлбөрийг тэглэснээр эрчим хүчний салбарын нуруун дээр 25-27 тэрбум төгрөгийн нэмэгдэл зардал ирэх урьдчилсан тооцоо гарсан. Энэ  бүгдийг Засгийн газартай хамтраад шийдэх боломжтой. Техникийн хувьд ч боломж байгаа.Гол нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчид маань аюулгүй, найдвартай ажиллагааг хангасан цахилгаан халаагуур ашиглах шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс хэрэглээний огцом өсөлт үүсэх эрсдэлтэй байгаа тул аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүргийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК–д өгсөн. Нэг зүйлийг онцлоход цахилгааны хэрэглээг тэглэх шийдвэр үйлдвэрлэл явуулах хэрэглээнд хамаарахгүй. Зөвхөн ахуйн халаалтад хэрэглэсэн цахилгааны төлбөрийг тэглэнэ.

-Эрчим хүчний хэмнэлтийн хууль батлагдаад жил болж байна. Энэ хуулийн хүрээнд ямар ажил хийсэн бэ.131 аж, ахуйн нэгж эрчим хүч хэмнэх үүрэг хүлээсэн бил үү?

-Энэ хуулийн дагуу Засгийн газраар дөрвөн журам батлуулсан. Энэхүү журмын дагуу Эрчим хүчний үүрэг хүлээсэн хэрэглэгчдийг бүртгэн тодорхойлж, мэдэгдэл хүргүүлээд байна. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 294 дүгээр тогтоолын дагуу жилд таван сая кВт.ц-аас дээш эрчим хүч хэрэглэдэг уул уурхайн байгууллага, хоёр сая кВт.ц -аас дээш хэрэглээтэй аж ахуйн нэгжийг цахилгааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр, 5000 Гкал/жил-ээс дээш дулаан хэрэглэдэг байгууллагыг дулааны үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тогтоох босго хэмжээг баталсан. Монгол Улсын хэмжээнд  131 аж ахуйн нэгж эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана. Энэ аж ахуйн нэгжүүд эрчим хүчээ 15 хувь хэмнэхэд жилдээ 120 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ байгууллагууд эхлээд эрчим хүчний аудит хийлгэх хэрэгтэй. Хаанаа, хэр хэмжээний эрчим хүч алдаад байгаагаа тодорхойлуулж, хэмнэлт хийж чадвал хэмнэсэн мөнгө нь өөрсдөд нь л ашиг болж үлдэнэ. Үүнээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг шошгожуулах ажлыг энэ онд эхлүүлнэ.

-Эрчим хүчний салбарыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Ер нь хувьчлах нь зөв үү?

-Эрчим хүчний дамжуулах сүлжээг төрийн өмчид үлдээж,  үйлдвэрлэх, түгээх, хангах сүлжээг хувьчлах ёстой. Эрчим хүчний тухай хууль 2000 онд батлагдаж, энэ салбар зах зээлийн харилцаанд шилжих процесс эхэлсэн.Төрийн өмчийн улсын үйлдвэрийн газруудыг 2001 онд төрийн өмчийн хувьцаат компани болгож, бүтцийн өөрчлөлт хийсэн. Гэхдээ Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх  сүлжээ гэсэн ганцхан байгууллагыг хувьчилсан. Эрчим хүчний салбарын хувьчлалыг үе шаттай хийх ёстой.Ялангуяа түгээх сүлжээг хувьчлах нь ашигтай. 

-Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд цахилгаан халаагуурын асуудлаа шийдсэн үү? 

-Нийслэлийн гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Үүний 90 орчим хувь буюу 120 мянга гаруй өрх хоёр тарифт тоолууртай. Хэрэгжиж эхлээд байгаа Засгийн газрын тогтоолд 120 мянга гаруй өрх хамрагдах боломжтой байна. Бусад хэрэглэгчийн хувьд өдөр шөнийн тарифтай тоолуур худалдан авч тавьснаар энэхүү хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Нийт 120 мянган айл өрхийн зургаан мянга нь цахилгааны халаагуурын асуудлаа шийдсэн байна. Хөнгөлөлтөд хамрагдах айл өрхүүд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өргүй байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан шөнийн тарифт электрон тоолууртай байх шаардлагатай. Одоогоор энгийн тоолууртай 20 мянга гаруй хэрэглэгч байна. Барилгын худалдааны төвүүдээр Стандарт хэмжил зүйн газраас туршилтад орсон баталгаажсан тоолуурыг 80 орчим мянган төгрөгөөр худалдаж байна.

У.САРАНГЭРЭЛ


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.42) 2025 оны 03 сарын 13

АЙЛ ӨРХҮҮДИЙН БҮХ ХЭРЭГЛЭЭ САРДАА 700 квт-аас ХЭТЭРЧ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ҮНЭГҮЙ ГЭЖ ХОШГОРУУЛСАН Л БАЙНА ДАА.САРЫН ДАРАА БӨӨН ХЭЛ АМ ГАРНА ДАА.

1  |  0
ff(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

ene hun bodit ajil hiij ehlsen bn

1  |  0
Top