ЗАВХАН: Хөрс хөрлөж хатуурсны улмаас малын хөл халцарч эхэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 03

Завхан аймгийн хэмжээгээр 2017 оны эхний байдлаар 24 сумын 115 багийн 8.3 мянган малчин өрх, нийтдээ 5.7 мянган цэгт 3.4 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 5.3 сая мал  өвөлжиж байна.

Үүнээс нийт сумын нутагт 7.6 мянган өрхийн 3 сая орчим мал, аймаг дотроо бусад сумын нутагт 303 өрхийн 265 мянган мал, хилийн зурвас нутагт 120 өрхийн 71 мянган мал, тусгай хамгаалалтай бүс нутагт 55 өрхийн 12.,1 мянган мал өвөлжиж байгаа бол, аймаг дундын отрын бүсэд таван сумаас 62 өрхийн 174 хүн, 74.2 мянган мал  өвөлжиж байгаа ажээ. 

Түүнчлэн аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Сантмаргац, Баянтэс, Асгат   сумаас хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын  14 сумын нутагт  163 өрхийн 65,1 мянган мал отроор орон өвөлжиж байгаа гэнэ. 

Завхан аймгийн тухайд 2016 оны есдүгээр сарын III  арав   хоногоос эхлэн нутгийн төв, хойд, зүүн  хэсгээр уулархаг нутгаар нойтон цас тал хээрт бороо эхлэн орсон бөгөөд аравдугаар сар гарсаар олон жилийн дунджаас харьцангуй дулаан байсан юм. Өнгөрөгч оны аравдугаар сард аймгийн хэмжээнд 18 удаа их бага хэмжээний  хур тунадас орсон ба хэмжээний хувьд  дунджаар 9.5 мм буюу олон жилийн дунджаас их хур тунадас оржээ. Хамгийн их тунадас нь  Баянтэс  сумын нутгаар 24.8 мм, хамгийн бага тунадас нь Дөрвөлжин сумын нутгаар  0.0 мм  тунадас орсон  байна. 

Шинэ он гарахын өмнөх өдрүүдэд нутгийн зүүн хэсэгт 5-20 мм хур тундас, нутгийн төв хойд хэсгээр хялмаа, шувууны мөр хэмжээний цас орсон, нутгийн бусад хэсэгт хур тунадас цас ороогүй харьцангуй цаг агаар тогвортой,  огцом хүйтрэлт багатай байжээ. 

Одоогийн байдлаар хүндрэл үүссэн  сумдад Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сум, Сонгино, Түдэвтэй бүхэлдээ Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уулын хойд хэсгээр тал газартаа 16-23 см, ууландаа 25-30 см, гуу, жалгандаа 40-60 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Ялангуяа Баянтэс сумын Жавхлан, Хачиг, Зайгаль багууд, Асгат сумын Аргалант баг, Тэс сумын Баян-уул, Дооно багуудийн хойд хэсэг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж багуудын нутгаар талдаа 31 см-ээс дээш зузаан цасан бүрхүүлтэй, цасан бүрхүүлийн дунд хэсэгт хайлмагтсан цасны  мөстсөн 4-6 см үе үүссэн байдалтай байна. Иймд эдгээр нутагт өвөлжиж буй малчин өрх, айлын малын хөл халцрах байдал элбэгшиж байна.

Аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч тодорхой ажлуудыг зохион байгуулсан ажээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 322 тогтоолын дагуу аймаг хөгжүүлэх сангаас 111.1 сая төгрөг гаргаж,  аймгийн аюулгүйн нөөцөд 224 тонн өвс, 80 тн тэжээл бэлтгэж  тогтоолын биелэлт 100 хувьтай үргэлжилж байна.  Сумдын аюулгүйн нөөцөд 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэхээс 1275.5 тн өвс, 126.5 тн тэжээл бэлтгэж тогтоолын заалтын биелэлт 35.4 хувьтай болжээ. 

Аймгийн Засаг даргын шийдвэрээр Өвөлжилт хүндрэлтэй Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Сонгино сумдад ажлын хэсгийг  өмнөх оны 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд ажиллуулж, тус сарын 21-23-ны өдрүүдэд улсын онцгой комиссын ажлын хэсгийг Сонгино, Тосонцэнгэл  сумдад  хүлээн авч, малчид, иргэд, сумдын удирдлагын өвөлжилтийн бэлтгэл хангуулсан байдалтай газар дээр нь танилцуулж, цаг үеийн нөхцөл өвөлжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт хийлгэж, цаашид авах арга хэмжээний аймгийн нэгдсэн төлөвлөгөөг гарган мөрдөн ажиллаж байна.

Энэ ажлын мөрөөр Засаг даргын нөөц сангаас Баянтэс суманд сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 10 сая төгрөг гаргаж туслалцаа үзүүлснээс гадна 6.2 сая төгрөгийн хөрөнгө гаргаж өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад өндөр хүчин чадалтай трактороор далпуу чирүүлэн  зам гаргуулах, орон нутгийн чанартай давааг онгойлгох ажлыг эхлүүлснээр Асгат сумыг могойн голын нүүрсний уурхайтай холбсон зам, Асгат сумын төвийг өвөлжилт хүндэрсэн өрх айлтай холбох зам нийт 450 гаруй км замыг далпуу чирч онгойлгосон. Цаашид энэ ажлыг Баянтэс суманд үргэлжүүлэн хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна.  Мөн аймгаас улсын онцгой комисс, холбогдох яам газруудад тавих санал хүсэлт, хүндрэлтэй байгаа сумдад шаардлагатай зүйлсийн жагсаалтийг гарган  аймгийн Засаг даргын тоотоор баталгаажуулан  хүргүүлсэн.

Баянтэс сумын Жавхлан, Хачиг, Бужир, Асгат сумын Аргалант, Тэс сумын Дооно, Баян-Уул, Баянхайрхан сумын Төөнөт, Асгат багуудын нутагт  зарим газартаа  цас мөстсөн, хөрлөж хатуурсны улмаас малын хөл халцарч хүндрэл учруулж байна.

2017 оны 1, 2 дугаар сард аймгийн ихэнхи нутгаар олон жилийн дунджаас ахиу цастай, 1 ба 2 дугаар сард ихэнхи нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх  төлөвтэй  байгаа тул  мал өвөлжилт, малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд хүндрэх нөхцөл үүсэх төлөвтэй байгааг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсан юм. 

Эх сурвалж: Завхан аймаг ЗДТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top