Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасаж буйгаас “Төрийн орон сууцны корпорац” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт болоод нийслэлд барьсан 70 ам метр хүртэл талбайтай орон сууцнуудыг иргэдэд түрээслүүлэхээр болсон билээ.
Энэ дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг аймгуудад “Төрийн Орон Сууцны Корпораци” ТӨҮГ-ын захиалгаар баригдсан 360 айлын орон сууц “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжсэн.
Нийслэлийн тухайд “Буянт-Ухаа-2” хорооллын ашиглалтанд орсон 68 м.кв талбайтай гурван өрөө орон сууц үүнд багтаж байгаа юм. Мөн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, 7-р хорооллын "Хангай" хотхоны 223 айлын орон сууцыг “Төрийн түрээсийн орон сууцны сан”-д шилжүүлэхээр болсон бөгөөд эдгээр түрээсийн орон сууцнуудад амьдрах иргэдийг шалгаруулах ажиллагааг өнгөрсөн наймдугаар сард зохих журмын дагуу “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас зохион байгуулсан.
Гэвч тус хорооллын байрнуудыг барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа нь гүйцэтгэгч компаниудийн үйл ажиллагаатай холбогдон удааширч байгаагаас шалтгаалан иргэд дөрвөн сарын турш байрандаа орж чадахгүй байдал үүсээд байсан юм. Өөрөөр хэлбэл дээрх иргэд өнгөрсөн есдүгээр сард байрандаа орно хэмээн гэрээ байгуулж улмаар гурван сарын түрээсийн урьдчилгаа мөнгөө төлсөн байдаг. Гэвч байрандаа орж чадахгүй улмаар бусдын гэрээр гэр хийн олон сар өдрийг өнгөрөөж байгаадаа цөхөрсөн иргэд өнгөрсөн сарын 15-нд БХБЯ-нд хандсан байдаг.
Тэднийг БХБЯ-ны ТЗУГазрын дарга У.Отгонбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн орон сууцны корпораци” Түрээсийн орон сууц төслийн цахилгааны инженер н.Баттүвшин болон ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар хүлээн авч уулзсан юм.
Энэ үеэр тэд иргэдэд хандан "Түрээсийн байрнуудыг ашиглалтанд оруулах ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдийн амьдрах нөхцөлийг ханган ажиллахыг шаардсан байгаа. Шинэ жилээс өмнө иргэдийг байранд оруулна хэмээн амлаж байсан юм. Тэгвэл өнгөрсөн сарын 28-нд Хангай хотхоны түрээсийн эхний 72 айл орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
Түрээсийн орон сууц хөтөлбөрийг 2015-2021 он хүртэл хэрэгжүүлж улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлыг түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр тусгаад байгаа юм.
Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөртэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )
Sariin tvrees ni hed bdgiin bol ymar shalguuraar ordog vm