Шүүхийн захиргааны ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа

2016 оны 12 сарын 31

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар шүүхийн байгууллагад үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж буй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн одон медалиар шагналаа. Шагналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханнар гардуулж, баяр хүргэв.


 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Даваахүүгийн Мөнхтуул, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Цэрэннадмидын Батсүрэн нарыг, Алтангадас одонгоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шаравын Оюунханд, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Пунцагийн Цэцэгдулам, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Жамсранжавын Эрдэнэчимэг, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Дансрангийн Бавуу, Улсын дээд шүүхийн тамгын газрын мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Алтанцэцэг, Улсын дээд шүүхийн тамгын газрын үйлчлэгч Доржсүрэнгийн Загдсүрэн нарыг шагнасныг тус тус гардууллаа.

 

 Улсын дээд шүүхийн шүүгч Чагдаагийн Хосбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Улсын дээд шүүхийн шүүгч Баттогоогийн Цогт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Энэбишийн Золзаяа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Довдонгийн Очмандах, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ийшээгийн Ганбат, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Отгонбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.

 

 

 Төрийн дээд одон медалиар шагнуулсан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хандаж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж үг хэлэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медиалаар шагнуулсан, шүүх засаглалыг хэрэгжүүлж буй эрхэм хүндэт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд та бүхэнд болон гэр бүл, үр хүүхдэд тань Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэе. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж Монгол Улс туурга тусгаар улс болсон, орчин цагийн шүүх байгуулагдсаны их ой тохиож байна. Энэ ойг тохиолдуулан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад шагналын хур буулгалаа. Монгол Улсын гавьяат хуульчаар хоёр, Төрийн дээд одон медалиар 40 гаруй хүн шагнууллаа. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас энэ онд 70 гаруй хүн Төрийн дээд одон медалиар шагнуулсан нь түүхэн үзэгдэл.

 

 

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнуулсан та бүхнээс Монголын ард түмэн шударга ёс, чанартай үйлчилгээ, төв голч байхыг хүсч байгаа. Энэ ариун үүрэгтээ хоёргүй сэтгэлээр зүтгэж, Монгол төрийн шүүх эрх мэдэл гэдэг том айлын нэр хүндийг ямагт дээдэлж, өргөж яваарай гэж хүсье” гэлээ. 

 

 

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул "Шүүхэд хиргүй тунгалаг зүтгэснийг минь үнэллээ. Мөн ахмад шүүгчдийн сургамж, туршлага, хамт олны минь дэмжлэг өдий зэрэгтэй явуулж байна. Би 37 дахь жилдээ шүүхэд ажиллаж байна. Хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байгаа шүүгчдийн хичээл зүтгэлийн үр дүнд шагналын хур бууж байна. Та бүхэнд аз жаргал ерөөе” гэлээ.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top