70-аас дээш настай ахмадуудад “13 дахь сарын тэтгэвэр” олгох хууль санаачилжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 28

ОХУ-ын Төрийн дум дахь “Шударга Орос” намын бүлэг 70-аас дээш настай тэтгэврийн ахмадуудад “13 дахь сарын тэтгэвэр” олгох хуулийн төсөл санаачилжээ. 

            “13 дахь сарын тэтгэвэр олгоход жилд 120 тэрбум рубль хэрэгтэй. Энэ бол тийм ч их мөнгө биш. Тэгсэн хэрнээ маш их буюу 10.5 сая тэтгэврийнхэн энэхүү нэмэгдлийг авах боломжтой болно” гэж Сергей Миронов онцлон тэмдэглэсэн байна. “70-аас дээш настай тэтгэврийн хөгшчүүдэд нэмэлт тэтгэвэр зайлшгүй хэрэгтэй. Учир нь энэ наснаас хойш хэрэглэх эм тариа эрс нэмэгдэж ирдгийг тогтоосон байгаа” гэж намын удирдагчдын нэг Михайль Емельянов өгүүлжээ.

            ОХУ-ын хууль тогтоох дээд байгууллага Төрийн ДУМ 2015 оноос тэтгэврийн шинэ хууль мөрдөж байгаа бөгөөд “Шударга Орос” нам дээрх санаачилгаа энэхүү хуулийн төсөлд багтаах санаатай байгаа юм байна. Шинэ хуулийн төслийн гол онцлог нь тэтгэврийн гурван хэлбэрт оруулах, тэтгэвэрт хамрагдах эрхийн доод хязгаар таван жил байсныг 15 жил болгох явдал аж. Тэтгэвэрийн сангийн ДНБ-тай харьцах харьцаа 2020 онд 2.3 хувьд хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд энэхүү өөрчлөлтийг хийснээр илүү хэмнэлт гаргана гэж найдаж байгаа аж.

            ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үүнээс өмнө 70-аас дээш насны иргэдийг байрны засварын төлбөрөөс 50, 80-аас дээш насны иргэдийг 100 хувь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top