Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Богд хааны ордон музей байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан Богд хааны ордон музейгээс “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” үзэсгэлэнг маргааш буюу энэ сарын 29-ний өдөр олон нийтэд дэлгэхээр болжээ.
Тус үзэсгэлэнд Улаанбаатар хотын музей, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх "Эрдэм соёлын хүрээлэн" хамтран оролцож байгаа юм.
Түүнчлэн үзэсгэлэнд Богд хааны ордон музейн сан хөмрөгт хадгалагддаг Богд хааны хөрөг бүхий танка зураг, зээгт наамал бүтээлүүд, Богд хаан болон Дондогдулам хатны ховор гэрэл зургуудыг дэлгэхээс гадна урьд өмнө нийтлэгдэн дэлгэгдэж байгаагүй ховор гэрэл зургуудыг ч анх удаа дэлгэн үзүүлэх гэж байгаагаараа ихээхэн онцлогтой ажээ. Тус гэрэл зурагт дүрслэгдсэн Богд хаан, Дондогдулам хатан нарын хувцас, эд хэрэглэлээс ч мөн тус үзэсгэлэнд дэлгэж үзүүлэх гэнэ.
Мөн үйл ажиллагааны хөтөлбөрт хаан хатны сэнтийд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа явагдах ба үргэлжлүүлэн Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан урьд өмнө судлагдаж олон нийтийн хүртээлд хүрч байгаагүй Богд хааны нэгэн намтрыг анх удаагаа цугларсан хүмүүст танилцуулж лекц унших гэж буйгаараа урьд урьдын жилүүдээс онцлог арга хэмжээ болох юм.
Үйл ажиллагааны төгсгөлд “Монгол Улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба” гэсэн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд хэлэлцүүлгийг ШУА-ын эрдэмтэн Монгол улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан хөтлөн явуулах ажээ.
Сэтгэгдэл ( 0 )