Ерөнхий шүүгчидтэй уулзлаа

2016 оны 12 сарын 28

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд анхан болон давж заалдах шатны шүүхийн ­­Ерөнхий шүүгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Дээд шүүхийн 90 жилийн ой, шинэ оны мэндийг хүргэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэлийг дахин хүлээж Ерөнхий шүүгчээр томилогдож байгаа шүүгчдэд баяр хүргэлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн анхны үр дүнг улам батжуулах, боловсронгуй болгох, чанаржуулах, төгөлдөржүүлэхэд ирэх гурван жил хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн "Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн тамгын газрууд судалгаанд тулгуурлаж үйл ажиллагаа явуулж хэвшсэн. Монгол Улсын бүх шүүхээр явж ажиллахад иргэдээсээ судалгаа авдаг, түүн дээрээ тулгуурлаж ажилладаг нь нотлогдлоо. Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс энэ жил шүүгч, шүүхээр үйлчлүүлэгчдийн үнэлгээг судалсан. Энэ судалгаанд 386 шүүгч, өмгөөлөгч, прокурор болон бусад иргэд 958 хүн оролцжээ. Шүүхээс үйлчилгээ авсан, шүүх хуралдааны оролцогчид шүүн таслах ажиллагааны үр нөлөөг үнэлэхдээ 50-аас дээш хувь нь сайн гэж үзсэн байна. Шүүхээс үйлчилгээ авсан иргэдийн 60 орчим хувь нь шүүхийн үйлчилгээнд сэтгэл ханамжтай байна гэж үзсэн. 2007, 2008 оны үед шүүхэд итгэх итгэл 27, 28 хувь л байлаа. Одоо захын судалгаагаар 10 хүний зургаа нь шүүхээр үйлчлүүлсэндээ сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байгаа нь та бүхний амжилт. Харин шүүгчид маань Тамгын газрынхаа үйл ажиллагаанд нэлээд санал илэрхийлжээ. Мөн шүүгчдийн 41.8 хувь нь дагнаж мэргэшихийг хүсч, сургалт нэхэж байгаа нь тун сайшаалтай. Бид төрөлжсөн шүүх байгуулахаар ажиллаж байгаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг сургах, салбар дундын мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшүүлэх тал дээр ч анхаарч байна” гэлээ.

 

Ирэх жилийн зорилго, анхаарах ажлуудын тухайд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга "Шүүн таслах, шүүхийн захиргааг салгасан түүхэн үр дүнгээ баталгаажуулж, боловсронгуй болгоход анхаарах шаардлага байна. Шүүхийн шинэтгэлийг хэрэглэгчид мэдрэх ёстой. Шинэтгэл, өөрчлөлтийн талаар иргэд мэдээлэлтэй байгаа. Шинэтгэлийг хүн бүрт мэдрүүлэхийн тулд хэргийн хөдөлгөөний удирдлага дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Хэргийн хөдөлгөөний удирдлага бол хэрэг маргааныг хамгийн богино хугацаанд шийдэх л асуудал. Үүнд шүүгчдийн сэтгэл, чармайлт чухал. Та бүхэн хэргийн хөдөлгөөний мэргэжлийн удирдагч байхаас өөр аргагүй. Үүнээс гадна шүүгчийн хараат бус, бие даасан байдалд анхаарах шаардлага байсаар байна. Эрдэмтэн судлаач хүний хувьд хэлэхэд шүүх хөндлөнгийн, хараат бус, бие даасан эрх мэдэл гэдгийг Монголын шүүх нотолж чадахгүй байна. Хүмүүс "цагдаа, прокурор, шүүх гурав нэг эрх мэдэл үү” гэж асууж байна. Зөвлөлтийн хоёр институт бол прокурорын эсэргүүцэл, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа асуудал. Прокурор, цагдаагийн дутуу мөрдсөн ажлыг гүйцээх гэж нэмэлт мөрдөн байцаалтад буцааж анхаарал тавих хэрэг байна уу гэдэгт анхаараарай” гэсэн юм. Ирэх онд төсөв хүнд байгааг анхаарч бүсээ чангалж ажиллахыг мөн хүслээ.

"Шүүхийн захиргааны удирдлага” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар мэдээлэл хийсэн юм. Д.Эрдэнэчулуун гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, орон тооны талаар мэдээлэл өгч, энэ онд ажил үйлсээрээ тэргүүлсэн шүүхийн тамгын газруудыг танилцууллаа. Мөн хавтаст хэрэг, мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт дээр анхаарч ажиллахыг сануулсан юм. Ирэх жил шүүхийн үйлчилгээг шинэ шатанд гаргах зорилт тавьсан. Тиймээс шүүхэд "Иргэдэд үйлчлэх төв” байгуулах, хэргийн хөдөлгөөн хариуцсан менежер ажиллуулах болсон талаар мэдээлэл өглөө. Шүүхийн зохион байгуулагчийг хэргийн хөдөлгөөний удирдлагын менежерээр дагнан ажиллуулах талаар туршиж буйгаа мөн хэлсэн юм.

Шүүхийн хүний нөөцийн программ ашиглах талаар Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр танилцууллаа. Мэргэжлээрээ 25 жил ажилласан, 55 нас хүрсэн шүүгч тэтгэвэрт гарах асуудлыг хуульд тусгуулах талаар анхаарч ажиллаж байгааг мөн мэдээллэв.

Хэргийн хөдөлгөөний удирдлагын тухайд иргэн, захиргааны хэргийн ухаалаг систем ашиглалтад ороод жил гаруй хугацаа өнгөрч байгаа. Эрүүгийн хэргийн ухаалаг систем ирэх нэгдүгээр сараас ашиглалтад орно. Гэтэл энэ системийг шүүгчид судалж, ашиглах нь учир дутагдалтай байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа хэллээ. Тойргоор хэрэг хуваарилдаг хоцрогдсон аргаа орхиж, хэргийн хөдөлгөөнийг удирддаг програмаа ашиглах тал дээр анхаарахыг сануулсан юм.

Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын удирдлагын талаар Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранбилэг "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны төсвийн багц өнгөрсөн жилийнхээс хоёр тэрбум төгрөгөөр буурсан. Батлагдсан 46.3 тэрбум төгрөгийн төсвийн 81 хувь нь цалингийн зардал болно. Ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын төсөв батлагдаагүй” гээд шүүгчид цагийн бүртгэлээ бүртгүүлсний үндсэн дээр цалингаа авах боломжтойг мөн анхаарууллаа. Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр холбогдох чиглэлээр мэдээлэл хийснээр уулзалт өндөрлөв.

Б.Цэцэг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top