ЗАВХАН: Хүүхдийн цэцэрлэг 100 хүүхдийн ортой шинэ байртай боллоо

2016 оны 12 сарын 27

Сургуулийн өмнөх боловсролын системд 40 орчим жил үйл ажиллагаагаа явуулж байгаа Завхан аймгийн Завханмандал сумын хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн 1 тэрбум 420 сая төгрөгийн санхүүжилтээр 100 хүүхдийн ортой шинэ байртай боллоо.

Өмнө нь тус сумын цэцэрлэгийн хүүхдүүд 50 хүүхдийн хүчин чадалтай, ердийн галлагаатай, тохь тух муутай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд хичээллэж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулахад нэлээд хүндрэлтэй байжээ. Шинэ байр нэгдсэн халаалт, цэвэр бохирын шугаманд холбогдсон учраас хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа гарч бие засахгүй гээд олон томоохон асуудал шийдэгдсэн байна.

Шинэ барилгыг дагалдуулан Боловсрол Соёл Урлаг Спортын Яамнаас 11 сая төгрөгийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, 13 сая төгрөгийн тавилгыг нийлүүлсэн байна. Мөн ОНХС-ийн 15 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж байгаа бол аймгийн Засаг дарга Д.Батсайхан чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулахад 5 сая төгрөгийг шийдвэрлэж өглөө.

Түүнчлэн тус сумын УБ хот дахь нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Энх-Амгалан нэг бүлгийн иж бүрэн тохижилтыг 10 сая төгрөгөөр хийж өгчээ. Мөн Завханмандал сумын албан байгууллагууд, эцэг эхчүүд гээд олон хүний хүч хөдөлмөр,  туслалцаа дэмжлэгтэйгээр хүүхдүүд тохь тухтай орчинд суралцах боломж бүрдээд байна. Одоогоор тус цэцэрлэгт 102 хүүхэд суралцаж байгаа бөгөөд хамран сургалт 96.7 хувьтай байгаа юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top