С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 2016 оны 12 сарын 14-ний 10.00 цагт Хорих 461 дүгээр ангид байрлах шүүх танхимд болж долоо хоног хойшилсон дагуу өнөөдөр тус газарт болж дөнгөж сая 18 цагийн үед завсарлалаа. Шүүх хурал маргааш 10:00 цагаас үргэлжлэх бөгөөд хаалттай явагдаж байгаа учир одоогийн байдлаар хэвлэл мэдээллийнхэнд ямар нэг тайлбар, мэдээ өгөхгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оролцуулаагүй бол энэ удаад оролцуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн өнгөрсөн шүүх хурал дээр шүүгдэгчдийн өмгөөлөгч нар Э.Бат-Үүл, Д.Булган нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьсан байдаг ч тэд ирээгүй юм. Ер нь гэрчийн мэдүүлэг өгчихсөн бол заавал шүүх хуралд оролцох албагүй байдаг аж.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15 гэсэн зүйл заалтаар шүүж байгаа бөгөөд тэдний өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Б.Батжаргал нар ажиллаж байгаа юм.
Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )