Эрдэм шинжилгээний бага хурал болно

2016 оны 12 сарын 20

“Монгол Улсад шүүх байгуулагдсаны 105 жил, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой”-д зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал маргааш Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно.

Хурлын нэгдүгээр хэсэгт Хууль зүйн ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Монгол Улсад шүүх эрх мэдэл бүрэлдэх үйл явц”, Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан “Шүүхийн шинэтгэл: үр дүн, сорилт”, Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйн бичгийн тухай өгүүлэх нь”, Хууль зүйн ухааны доктор Б.Баярсайхан “Шүүхийн түүхэнд холбогдох нэгэн баримт бичигт хийсэн шинжилгээ” сэдвээр илтгэл тавих юм. 

Хурлын хоёрдугаар хэсэгт Хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан “Шүүх судлаачийн нүдээр” сэдвээр илтгэл тавина. 

Эрдэм шинжилгээний бага хуралд шүүн тасалдаг байгууллагаас шүүх эрх мэдэлд шилжих процесс хэзээ эхэлсэн, шүүх эрх мэдэл бүрэлдэх явцад тулгарсан асуудал, бэрхшээл, сорилт зэрэг сонирхолтой асуудал хөндөгдөх юм. Уг хуралд Дээд шүүх болон нийслэлийн шүүхүүд, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагын 60 гаруй төлөөлөгч уригджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top