“Эрдэмтдийн үг” цуврал лекцийн хүрээнд ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн Бүс нутаг, орчин үеийн түүхийн салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Түүхийн ухааны доктор, дэд профессор Н.Хишигт “Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдвээр олон нийтэд лекц уншина. Лекц 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 15.00 цагт “Танан” төвийн хурлын танхимд болно.
Энэхүү лекцээр “Монголын тусгаар тогтнолын түүхийн судалгаа” сэдвийн хүрээнд 1945 оны Бүх нийтийн санал хураалтын түүхийн зангилаа асуудлуудыг дэвшүүлэн тавьж, архивын эх баримт, гэрэл зураг болон сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан харуулна.
ХХ зуунд монголчууд тусгаар тогтнолоо хөрш орнууд, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө хэдэн арван жилийн туршид улс төр, гадаад бодлогын идэвхитэй үйл ажиллагааг явуулахдаа олон зүйлийн бодит бэрхшээлийг даван туулахын хамт хиймэл сорилтыг ч бас хүлээж байсан нь Тусгаар тогтнолоо батлах Бүх ард түмний санал хураалт байв.
Сэдвийг хөндөх нь нэгд, Монголын тусгаар тогтнолын түүхнээ онцгой байр эзлэх нэн чухал үйл явдалд холбогдох асар их хэмжээний материалыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, дэлгэрүүлэн судалж шинэ мэдлэг бий болгох судалгааны зорилтоор; хоёрт, Монголын ард иргэд язгуур эрх ашгийнхаа төлөө тусгаар тогтнолоо батлах Санал хураалтад нэг хүн мэт оролцсон түүх, үнэ цэнэ, сургамжийг үндэсний ой санамжид баттай суулгах нийгмийн хэрэгцээгээр нөхцөлдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )