УИХ-аар 2017 оны төсвийг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 10 сарын 06

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд дараах асуултыг асууж, хариулт авсан юм.   

УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ:

  • Орлогыг яаж тооцож байгаа вэ? Юуг хэмнэх гэж байгаа юм бэ? Хоёрдугаарт, тодотголоор хасахаас яригдаад байсан эмч багш нарын 36 сарын тэтгэмжийг байхгүй болгосон гэж байсан ч эргээд оруулж байгаа юм шиг байна. Тэлэлтийг яаж тооцоолж байгаа вэ?

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: 

  • Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх ганц зарчим нь өр тавьдаг. Өнөөдөр зээлийн хүүнд нэг их наяд төгрөг төлж байна. Энэ байдлаар яваад байвал төсвийн хямрал болох магадлалтай. Алдагдалтай байгаа 2,5 их наяд төгрөгийн хувьд эх үүсвэргүй зардлыг бага байлгах алдагдлыг бууруулах чиглэл барьсан. Эмч багш нартай холбоотой 36 сарын тэтгэмж төсвийн зардал талдаа ороод явдаг. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД

  • Засгийн газар өмнө нь татвар нэмэх хэвээр байгаа гэж мэдэгдэл хийж байсан. Гэтэл өнөөдөр татвар нэмэхгүй байхаар болсон гэж мэдэгдлээ. Тун удахгүй орон нутгийн сонгууль болно. Тиймээс хэсэг хугацаанд аж ахуй нэгжээ хуураад сонгуулийн дараа аж ахуй нэгжүүд рүү дайралт хийх юм бол буруу улс төр болно шүү. Сонгууль болгонд зориулаад хандны мангаа бий болгодог зүйлээ боль. УИХ-ын сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийг идчихлээ гэж хэлээд танай нам олон тойргийг өөрийн болгосон. Одоо яагаад “Эрдэнэт”-ийн талаар мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн сар өнгөрчихлөө. Яагаад өнөөдрийг хүртэл энэ асуудлыг нэг тийш болгоод шийдчихэж болохгүй байгаа юм бэ? Хэн хулгайчийг бариарай гэж орилдог билээ. Түүн шиг юм болох гээд байгаа юм бишүү. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

  • Татвар нэмэх асуудал өмнөх төсвийн тодотголын үеэр яригдаж байсан асуудал. Гэхдээ татвар нэмэхдээ нийтийг хамарсан татвар нэмнэ яриагүй. Тухайн үед МАН-ын бүлэг дээр ярьж байгаад хойшлуулах нь зүйтэй гэж шийдсэн. Жижиг болон дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгжээс татвар авах шаардлага байхгүй. Өнөөдөр яагаад татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй вэ гэхээр аж ахуй нэгж хүнд байдалд байна. Тиймээс татвар нэмэх асуудлыг оруулж ирээгүй. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудал дээр бол бид ил болгосон. Тухайлбал өмнөх Сангийн сайдын шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгосон. Ингэснээр төр өөрийн эрх мэдлийг 51 хувийг хариуцаад явна” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН

  • Валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах гээд байна гэсэн мэдээлэл авлаа. Валютын сан 300 сая доллараас дээш мөнгө манайд өгөхгүй шүү. Валютын санд хөтлөгдөөд цааш явах гээд байна уу? Валютын сантай тусгай гэрээ хэлэлцээр хийгээд явах уу? Оюутолгой дээр анхаараач Ерөнхий сайдаа. Энэ компанийн орлого Монголын эдийн засгаас гадуур тойрч яваа шүү. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогоо эргэж харахгүй бол Оюутолгой мэт хуурамч төсөл Монголд туслахгүй шүү.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

  • Миний бие олон салбарын төлөөлөлтэй уулзаж байна. Ихэнх салбарын төлөөлөл дэмжиж өгөөч гэдэг хүсэлт тавьдаг. Тиймээс шинээр гурван сан нэмж байгуулахаар төсвийн төсөлд тусгасан. Засгийн газрын гол шийдвэрлэх ёстой асуудал бол өр төлбөрийн асуудал. Тиймээс одоогийн байгаа нөхцөл байдлаас дордуулахгүйгээр зээлийн төлбөрийг төлнө.  Чойжилсүрэн сайд Олон улсын валютын сангийн намрын уулзалтад оролцсон. Түүнээс зээл тусламж ярихаар яваагүй. Энэ аравдугаар сард Олон улсын валютын сангаас манай улсад ирж эдийн засгийн нөхцөл байдалд дүгнэлт хийнэ. Тэрхүү дүгнэлтийн дараа тусламж авах эсэхээ шийдвэрлэнэ. 

Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төрийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Багш эмч нарын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх ёстой гэдэг дээр АН-ын бүлэг зогсоно. Одоо 2017 оны төсвийн төсөл дээр 36 сар хүртэл байна гэдэг заалт оруулж ирээд кноп даруулах гээд байна. Энэ заалтыг 36 сар байна гэж оруулах зарчмын зөрүүтэй санал гаргана" гэлээ.

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухайНийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top