Нийтийн сонсголын хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 07

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлагатай болсноор тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл, сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах юм байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа. Ингээд Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 75.4 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top