Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй.
Шүүхээс яллагдагчаар татагдан саатуулагдсан тэрээр өлсгөлөн зарлаж эхэлсэн. Олон хоног өлсгөлөн зарласны улмаас хоёр бөөр нь муудаж, уушиг нь идээлж эмнэлэгт хэвтсэн байна.
Одоо Б.Батзаяа ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Б.Батзаяа шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй. Мөн энэ хэрэгт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг саатуулсан.
Тэднийг өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд саатуулсан бол Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан сэжиглэгдэж буй "МТЗ" ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, "Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байсан ч эрлийн ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )