Монгол улсын зорчигч тээвэрлэлтийн ажил нэг алхмаар урагшилсан талаарх таатай мэдээг дуулгахад бэлэн болжээ.
Учир нь Эрээн рүү том оврын автобус явдаг болж, маш найдвартай, хурдан шуурхай үйлчилгээгээр иргэддээ үзүүлэх болсон юм.
Тодруулбал энэ сарын 2-ны өдөр улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлтийн Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэл нээлтээ хийж, анхны зорчигчдоо аялууллаа. Авто тээврийн үндэсний төвөөс энэхүү шинэ чиглэл өдөр бүр иргэдэд үйлчлэх болсныг онцолсон юм.
Том оврын автобус “Баянзүрх” авто вокзалаас хөдлөх бөгөөд том хүн 55 мянган төгрөг, хүүхэд 27500 төгрөгөөр үйлчлүүлэх аж. Харин Эрээнээс Улаанбаатар хүртэл том хүн 210 юань, хүүхэд 115 юаниар зорчих юм. Тасалбарыг Баянзүрх, Сонгинохайрхан авто вокзал “Нарантуул” худалдааны төв, Төмөр замын төв буудлын билетийн касс болон онлайнаар захиалах боломжтой аж.
Замын-Үүд Эрээн чиглэлийн автобус маань хоёр ээлжийн жолоочтой. Байнгын хяналтан дор зорчигчдоо авч явж байлаа.
Автобусны үйлчилгээ маш сайтайн дээр дулаахан, тохь тухтай байсныг хэлэх нь зүйтэй биз ээ.
Авто тээврийн үндэсний төвийнхэн зорчигч тээврийн ажлын улам өргөжүүлэхийн тулд дараагийн удаад Манжуур, Шинжан Уйгарлуу том оврын автобус зорчдог болгохоор зэхэж байгаагаа онцолж байв.
Шинэ чиглэлийн талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улс хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэл галт тэрэгний үйлчилгээнээс юугаараа онцлог вэ?
-Автобус өдөрт хоёр удаагийн давтамжтай явж байгаа. Тиймээс өөрсдийн ажлын ачаалал, цаг завд тохируулан автобусанд суух боломжтой бөгөөд өглөөний ээлжийнхэд суувал хонолгүй оройдоо Эрээнд очиж, Улаанбаатарт ирнэ. Мөн нэмэлт автобус бэлдсэн байгаа тул шаардлагатай үед тасалбар дуусах, олдохгүй байх зэрэг асуудал гарахгүй.
-Холын замд зорчигчдын биеийн байдал муудвал ямар арга хэмжээ авах вэ?
-Улс хооронд төдийгүй хот хооронд зорчигч тээвэрлэж буй аж ахуй нэгж байгууллагатай хийдэг гэрээндээ бид зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, холбогдох зүйлсийг байлгах, жолооч үйлчилгээний ажилтныг анхан шатны тусламж үзүүлэх сургалтад хамруулж мэдлэг чадвартай болгохыг тусгасан байдаг. Шаардлагатай тохиолдолд ойролцоох төв суурин газарт яаралтай очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.
-Зорчигчдын техникийн, хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний адил улс хооронд төдийгүй хот хоорондын зорчигч тээврийн автобусны байршлыг тогтоох, хурдыг хэмжих GPS төхөөрөмжийг бүх автобусанд суурилуулсан. Мөн техникийн аюулгүй байдлыг хангахаар жилд дөрвөн удаа техникийн үзлэгт оруулж буй. Алслагдсан аймгуудаас ирж байгаа автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг ойролцоох сууринд үзүүлж, хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон үед өөр автобусанд шилжүүлэн суулгах ажлыг урьдчилан бэлтгэж зохион байгуулдаг.
Сэтгэгдэл ( 2 )
зөв зөв
ЗӨВ ШҮҮ