99.4 хувь нь Таван толгойн гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахыг дэмжив

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 08

  Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Компанийн засаглалын үндэсний зөвлөл ТББ, Монголын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний ассоциаци ТББ, Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв ТББ-тай хамтран Тавантолгой ордын хөрөнгө оруулалтын талаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг танилцууллаа.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” хэмээн заасан байдаг. 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоороо 6 тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 15.0 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг байгуулж, нийт гаргасан хувьцааны 20 хүртэлх хувийг Монгол Улсын нийт иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх, 10 хүртэл хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах, 30 хүртэл хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр зах зээлийн үнээр худалдан борлуулж хөрөнгө татаж бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэн Монгол улсын Засгийн газраас 2012 онд гаргасан 181 дугаар тогтоолд Монгол Улсын иргэн бүрт 1 бүрийг нь 933 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдах, эдгээр хувьцааг хөрөнгийн зах зээл дээр арилжих хүртэл хугацаанд саналын эрхгүй байхаар зааж  өгсөн юм.
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаргасан нийт хувьцааны 17 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 553 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа атал эдгээр хувьцаа эзэмшигчид саналын эрхгүй болсон. Үүнтэй холбоотойгоор 4 асуулт бүхий санал асуулгыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд  2015 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд  явуулсан байна.

 Санал асуулгад нийт 11526 иргэн оролцон,  99.4 хувь нь Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалсан тусгай бүлэг оруулахыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 20 хүртэлх хувийг эзэмшиж буй Монгол улсын иргэд, үндэсний аж ахуй нэгжүүдийн хувьцааны саналын эрхийг эдлүүлж, хөрөнгийн биржээр арилжаалах боломжийг олгохыг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 51 хувийг ард иргэд, төрийн мэдэлд үлдээхийг, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн иргэн бүр эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээг тодорхой болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн болохыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулаад, бүх саналын хуудсыг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргах Ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгт дамжуулан өглөө.

 Түүнчлэн санал асуулгын үеэр иргэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны талаарх мэдээллийг олон нийтэд үнэн зөвөөр хүргэх, Монгол Улс орчин үеийн дэвшилтэт технологи, техник ашиглан томоохон орд газруудаа өөрсдөө эзэмшин ашиглах, уул уурхайн асуудлыг улс төржүүлэхгүй байх, Тавантолгойн гэрээнд орон нутаг, бүс нутгийн эрх ашиг, эко системийг хамгаалсан тусгай бүлэг оруулах зэрэг тодорхой санал гаргаж байсныг дурдаад, эдгээр нь санал асуулга зохион байгуулагчдын үзэл бодлыг илэрхийлэхгүй болохыг онцлов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.145) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
Хувьцааны эзэн(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

Батзандан та хувьцааны ноогдол ашиг өгч чадах юм уу. Битгийн ард түмнийг хуураад байгаа чээ

1  |  0
mgl(112.72.13.29) 2025 оны 03 сарын 13

Horlon suitgegch . ... Huurhii yu yarij bgaagaa oilgohgui humuuseer toglolt hiij ene Mongol Ulsiig horloj bdag sonin hun yum aa. Hezee iim gishuungui boloh bol ...

1  |  0
хувьцаа эзэмшигч(202.179.29.163) 2025 оны 03 сарын 13

миний бодлоор, 2016 оноос өмнгө тавантолгойг хөдөлгөх шаардлаггүй. харин өнөөдрөөс эхэлж ”Эрдэнэс ТТ” компанийн 49 хувийг олон улсын хөрөнгийн бирж, Хонгконг, эсвэл Канад, Австралийн биржид IPO гаргаж хөрөнгө оруулалт татаж олон улсын компани болох хэрэгтэй. үүнийг хийх хүнийг ЭТТ-ийн захрилаар эсвэл тэр МУ-ын сайд гэдэг энхсайхан сайдын оронд томилмоор юм.

1  |  0
Минжээ(150.129.143.16) 2025 оны 03 сарын 13

Монгол орондоо төрсөн үнэн юм чинь хувь эзэмших эрхтэй.Төр 51% эзэмших ёстой.Төрийн хувь эзэмшсэн компани алдагдалтай ажилладаг л гэнэ.Улс төрчид л алдагдалтай ажиллуулж олон түмэнд буруу ойлголт өгөх гэж зүтгүүлж байгаа шүү дээ.Сэтгэлээсээ сайн цалингаа аваад ажиллах аавын хүү олон байгаа.Албаар гарын үзүүр хүнийг томилж төрийн оролцсон болгоныг муухайгаар ойлгуулахыг оролдсоор байна.

1  |  0
Top