Үндсэн хуулийг өөрчлөх нь үлгэр болох уу?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 19

Монгол төрийн бүх болохгүй, бүтэхгүй зүйлийг Үндсэн хууль руу чихэх боллоо. “Систем нь өөрөө ийм юм” гэсэн бөөрөнхий үгээр төрийн алдааг хаацайлсаар өдийг хүрлээ. Ялангуяа УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байгаа нь эрх мэдэл, төсөв хэдхэн хүний гарт төвлөрөхөд хүргэсэн гэж үздэг. Гэтэл энэ алдаа мадгийг засахын тулд байгуулагдсан ажлын хэсэг өдгөө хоёр “нас” хүрчихлээ. Хоёр жилийн өмнөөс ярьсан энэ асуудал Шинэчлэлийн Засгийн газар “Шийдлийн” болж   үеэр хүчтэй сөхөгдөж, АН, МАН-ын гишүүдийн аль аль нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна гэж дуугач эхэлсэн. Гэсэн ч сайн түлхэж өгөхгүй бол Үндсэн хуулийг өөрчлөх нь үлгэр болж мэдэх нь.

Шинэчлэх л гэж байгаа бол шинэчлэлийн үзэл санаатай арай өөр хүмүүсийг энэ ажлын хэсэгт оруулах ёстой байсан. Гэтэл нөгөө л хуучин партизануудаа багтаажээ

Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэгт орсон хүмүүсийг л харъя. Өмнөх Үндсэн хуулийг батлалцаж байсан УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Цог, Н.Батбаяр, Р.Гончигдорж, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, дээр нь С.Оюун.  УИХ-ын гишүүн Н.Батцэрэгээс бусад нь дандаа хуучны хүмүүс. Шинэчлэлийн салхи үнэртэхгүй байгаа биз? Уг нь шинэчлэх л гэж байгаа бол шинэчлэлийн үзэл санаатай арай өөр хүмүүсийг энэ ажлын хэсэгт оруулах ёстой байсан. Гэтэл нөгөө л хуучин партизануудаа багтаажээ. АН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар батлана гэж амлажээ. Гэсэн ч МАН-ынхан болон зарим судлаачид үүнд нь төдийлөн итгэхгүй байгаа аж. С.Оюун, Н.Батцэрэг нар бусдаасаа “шинэ” гэж харагдаж байгаа ч олон нийтийн дунд ч тэр, ажлын хэсгийнхэн дунд ч тэр хүчтэй дуугарч чадахгүй биз.

2000 онд Үндсэн хуулийг өөрчлөх гээд дордуулсныг хэн бүхэн санаж байгаа байх. Түүний үр уршгийг бид амсаад, мэдрээд явж байна. Тэгвэл Л.Болд, Л.Цог, Н.Батбаяр, Р.Гончигдорж, С.Баярцогт, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, С.Оюун нар 2000 оны дордуулсан өөрчлөлтийг хийхэд ч гар бие оролцсон хүмүүс юм шүү дээ. Түүнийхээ үр дүнд Л.Болд, Н.Батбаяр, С.Баярцогт, С.Оюун нар давхар сайдын суудалд суугаад үзчихсэн. Энэ хүмүүсийн нэрсийг харахд л бидний хүсч байгаа шиг өөрчлөгдөнө гэсэн итгэл үнэмшил төрөхгүй байгаа юм.

Эрх баригч АН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ, Улсын баяр наадмаас өмнө батална гэсэн ч өнгөрсөн хоёр жилд дээрх “партизанууд” ямар ажил хийсэн талаар тайлан, дүгнэлт үзүүлсэнгүй. Ажлын хэсэг байгуулсан нэртэй л болохоос яг өөрчилье гээд гарын хуруугаа хөдөлгөсөн зүйл алга бололтой.

Хэрэв энэ байдлаараа, Л.Цог даргын гар доор яст мэлхийн хурдаар ажиллавал Үндсэн хуулийг энэ хаврын чуулганаар өөрчилж амжихгүй нь. Тэгээд л намартай золговол өнөө л сонгуулийн шоу, намрын синдромтойгоо холилдоод юун шинэчлэл болох биз.

Олныг нуршилгүй зөвхөн УИХ-ын гишүүн нь давхар дээлтэй буюу сайд байж болно гэсэн заалтаас болоод улс төрийн олон гацаа үүслээ. Эрх мэдэл хэт төвлөрч, ард түмэн хохирлоо. Хэзээ хүртэл “систем”-ийн буруу гээд чихээ таглаад, нүдээ бөглөөд явах вэ? Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд эхлээд ажлын хэсэгт багтсан хүмүүсийг нь шинэчилье. Цаг бага байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.213) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
зочин(103.11.194.166) 2025 оны 03 сарын 13

Зөв санаа байна. Дэмжиж байна.

1  |  0
Top