Хөөрөг зөрүүлэн золгох ёсон

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 19

Хөөрөг бол Монголчуудын зан үйлийг илэрхийлдэг эрэгтэйчүүдийн нэг гол гоёл юм. Мөн эмэгтэйчүүд бас гоёлд хэрэглэнэ. Монголчууд уламжлалт ёсоороо мэндлэхдээ хөөргөөр тамхилдаг заншилтай. 

Иймээс хөөргийг "Мэнд сайхны шар" тамхилдаг заяатай шар гэж нэрлэх явдал буй. Хөөргийг урласан материалаар нь чулуу, шил, шаазан, яс, мод, мөнгөн хөөрөг гэж хуваадаг. Хөөргийг том жижиг янз бүрийн боловч дотор нь эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгахаас гадна хавтаганы, ямбаны, ширээний гэж ялгадаг. Эмэгтэй хүний буюу хавтаганы хөөрөг жижигхэн хавтгай, дугуй зууван дугуй, тогтох суурьгүй. 

Түүнийг хамж хунисан амтай дугуй хэлбэрийн торгон уутанд хийж ташаандаа зүүдэг. Эрэгтэй хүний хөөрөг том жижиг янз бүр бөгөөд түүнийг хөөрөгнийхээ хэмжээнд тохируулан урласан даалин хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөнө. Даалин бол тэр хүний эхнэрийг хэр уран оёж шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр урныг, нөхөр нь суух хүүхнийхээ үйлэнд хэр зэргийг шалгадаг шалгуур байлаа. 

Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байдаг. Ийм жижиг хос хөөргийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёс байлаа. Мөн хоёр өөр тамхи хийж хэрэглэдэг байв. Үнэт чулуугаар Цахиур, мана, гартаам, чүнчигноров гэх мэт хийсэн алт, мөнгө, шүр, оюугаар толгой нуухыг нь чимэглэсэн хөөргийг баяр, найр наадам, цагаан сар, аяны замд хэрэглэж байв. Харин хөөрөгний халбагыг ихэвчлэн мод, төмөр, зааны ясаар хийсэн байдаг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэж уулзан тамхилж санасан бодсоноо ярьж, хонзонгоо арилгая, хоёр биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх билэгдлийг илэрхийлж заншсан нь эртний сайхан ёс билээ. Хөөргөөр тамхилах нарийн дэгтэй уулзаж буюу хоёр хүн дайлангаасаа тус тусын хөөргийг гарган баруун гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Ингэхдээ толгойг үл мэдэг онгойлгож өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө ч мөн тэр янзаар буцаан барина. Ахмад настай хүнтэй тамхилахдаа зүүн гараараа хөөрөг барьсан, баруун гарыг тохойноос нь түшин хүндэтгэнэ. Ингэж тамхилж мэнд амраа мэдэлцсэний дараа ажил төрлөө ярина.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top