Иргэд хөгжлийн хувилбараа сонгож, сүүний үнэ буурсан долоо хоног

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 09

УИХ маргааш буюу энэ сарын 10-нд намрын чуулганаа өндөрлүүлэх ёстой байсан ч 8 хоногоор сунгав. Ингэснээр  Засгийн газраас өргөн  барьсан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх болж байна.

Өнгөрсөн долоо хоногт  Монгол Улсын иргэд Засгийн  газрын тэргүүний санал болгосон эдийн засгийн бэрхшээлийг гэтлэн давах хоёр хувилбараар саналаа өгсөн. Дийлэнхи олонхийн саналаар Оюутолгой мэтийн мега төслүүдээ урагшлуулах замаар ханшаа тогтворжуулж, эдийн засгаа идэвхжүүлье хэмээсэн нь дээрхи тогтоолын төслийн  үндэс болж байгаа юм.  Энэ тогтоолын төсөлд тусгасан зорилтуудыг 3 үе шаттайгаар 5 жилийн хугацаатай 2015-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өмнөх долоо хоногийн нэг олз гэвэл  төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өнгөрсөн баасан гаригт  өргөн мэдүүлсэн явдал юм. Ингэснээр энэ салбар төрийн бодлого, үзэл баримтлалтай болж байна. Энэ баримт бичигт эхний ээлжинд экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох шинэ техник технологи, инновацийг ашигласан үйлдвэрүүдийг  төрийн бодлогоор түлхүү дэмжихээр тусчээ. Энэ нь аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх нэгдүгээр үе шат буюу 2015-2020 он хүртэл баримтлах бодлого юм байна.

Хоёрдугаар үе шат буюу 2020-2025 он хүртэлх хугацаанд экспорт давамгайлсан аж үйлдвэрийн бүтцийг бий болгож өндөр технологи, машин байгууламж, химийн үйлдвэрлэлийн эхлэлийг тавихаар төлөвлөж байна.

Гуравдугаар үе шат буюу 2025-2030 онд мэдлэгт суурилсан аж үйлдвэрийг  хөгжүүлж, технологийн экспортыг эхлүүлэхээр тусгаад байна.

Өнгөрөгч долоо хоногт  УИХ-аар  Согтууруулах ундааны хууль, Цөмийн энергийн хууль /одоогоор завсарлага аваад байгаа/,  Монгол хэлний тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуулийг хэлэлцлээ. Мөн энэ хугацаанд Төрийн өмчийг хувьчлах төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох  тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан бол энэ чуулганы хугацаанд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг амжиж өргөн барина гэж байна.  

Өмнөх долоо хоногийн нэг сайн мэдээ гэвэл Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл  анх удаа  2014 онд 539 сая ам.долларын ашигтай гарсан явдал байв. 2006 оноос хойш манай гадаад худалдааны тэнцэл байнга алдагдалтай гарч байсан юм.  Энэ нь 2013 оны -2.1  тэрбум ам.долларын худалдааны алдагдалтай харьцуулахад тэнцэл 2.6 тэрбум ам.доллараар сайжирсан үзүүлэлт юм.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдаад  хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч өнөө хэр сураг  чимээгүй байсан Төрийн бичгийн дарга нарын нэр түрүүчээ дуулдаж эхэлсэн нь  өнгөрөгч  долоо хоногийн нэг содон илэрхийлэл болов.  Одоогоор таван яамны ажлын байранд шалгаруулалт хийснээр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Нямхүү, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнэ,  Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артаг, Хөдөлмөрийн яаманд  С.Магнайсүрэн, Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболд нар тус  тус тодроод байна. Харин Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт хойшлогдоод байгаа юм байна.

Зарим нэг халаа сэлгээ ч  бас хийгдлээ.   Засгийн газар  ээлжит бус хуралдаанаараа  “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар “Ньюком”-ын Б.Бямбасайханыг томилсон шийдвэр гаргалаа. 

“Саусгоби сэндс”-ийн ажилтнуудад Монголын шүүхээс таван жил 10 сарын хорих ял оноосон нь томоохон асуудал араасаа дагуулж мэдэхээр байна. Гэхдээ хууль бол хууль. АНУ-ын иргэн Жастин Каплаг  хорьсоны дараа АНУ-аас Монголд үзүүлэхээр ярьж байгаа эдийн засгийн тусламжаа зогсоох хэрэгтэй хэмээн тус улсын  Худалдаа аж үйлдвэрийн танхимийн Улаанбаатар дахь төлөөлөгч Жексон Кокс ярьсныг Bloomberg мэдээлэв.

Өнгөрөгч долоо хоногт хамгийн их бухимдалтай байсан хүмүүс гэвэл тариаланчид байлаа.  Тэд импортын будаа болон урамшуулал зэрэг асуудлаар эсэргүүцлээ илэрхийлж комбайнтай жагсаал зохион байгуулж энэ жилийнхээ ургацын дээжээс талбай дээр авчирч асгав.

Засгийн газрын хуралдааны шийдвэрээр тариалачндын Тариалан эрхлэлтийг  дэмжих  санд  нийлүүлсэн  улаанбуудайн  тонн  тутамд  70000 төгрөгийн  урамшуулал  олгохоор  болсон юм. Энэ дагуу тариалан  эрхлэгч  908  аж ахуй  нэгж,  иргэдэд  олгох  25 тэрбум төгрөгийн  урамшууллыг дансанд  шилжүүлээд байна.  

Энэ сараас хүнсний талоны үнийг нэмж 6500 том хүнд 13000 төгрөгөөр олгож эхэллээ. 2015 онд энэ  талоныг хүн амын хамгийн бага орлого, хэрэглээтэй 25 мянга орчим өрхийн 135 мянга гаруй иргэнд олгох юм байна. 

Өнгөрөгч амралтын өдөр  “Сүү” ХК-ийн Мал аж ахуйн цогцолбор ферм  нээлтээ хийсэн нь томоохон бүтээн байгуулалтын нэг байлаа.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байгуулагдсан энэхүү цогцолбор  ашиглалтанд орсноор өдөр бүр  7 тонн сүүг нэг цэгээс татан авах юм байна. Ингэснээр  үйлдвэрийн зардлыг тодорхой хэмжээгээр бууруулна.  Тиймээс “Сүү” компани өнөөдрөөс эхлэн “Миний монголын сүү”-нийхээ үнийг 200 төгрөгөөр, “Элекстер” сүүний үнээ 250 төгрөгөөр бууруулсан нь  улирч буй долоо хоногийн таатай мэдээний нэг байлаа.

Харин Монголын сүүтэй зэрэгцэн  дэлхийн зах зээл дээр алтны үнэ буурсаар байгаа нь алтны үнээс хамааралтай Монголын эдийн засагт тийм ч таатай мэдээлэл биш байлаа. Тухайлбал, Нью-Йоркийн  Comex бирж дээр унци алтны  хоёрдугаар сарын фьючерсийн үнэ 0,11 хувиар хямдран 1270,1 ам.доллар болтол унаад байна.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Итгээ(202.126.89.176) 2025 оны 03 сарын 13

Монголд бас үнэ буурна гэж байдаг л юм байна. Цагаан сар ойртож байгаа үед сүүний үнэ буурна гэдэг сайхан л байна.

1  |  0
Top