Үндэсний компаниудын нэгдэл хэмээн өөрсдийгөө тодорхойлж, Таван толгойн бүтээн байгуулалтанд оролцоно хэмээн жирийн иргэдээс компаниар нь дамжуулан нэг сая төгрөг хуримтлуулж босч ирсэн “Монгол 999 Үндэсний нэгдэл” хувьцаат компанийн удирдлагууд засгийн газрыг хуурай шүүмжлэлээр булснаас өөр ажил хийсэнгүй. Бизнесийн сайн төсөл гаргаж ард түмэнд болон гишүүн компаниуддаа танилцуулсангүй. Төрөөс зарласан удаа дараагийн тендерүүдэд тэд оролцсонгүй. Харин энэ хооронд гадны компаниуд тодорхой бизнес төслөө танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэлбэрээ тодорхойлж, техник эдийн засгийн үзүүлэлт тооцоогоо гаргаж төрд хандсанаар Таван толгойн ордод зарласан томоохон тендерүүдэд ялах нь тодорхой боллоо. Нэгэнт дотоодын компаниуд өрсөлдөөгүй юм чинь Засгийн газар яах ч билээ.
Энэ төслийг санаачлагчид зүгээр л олон компани нэгдээд Засгийн газрыг бойкотолбол том “Таван толгой”-н орд газраас лиценз хуваалцаж, асар их хөрөнгөн дээр сууна гэж тооцсон бололтой. Гэвч бодит амьдрал дээр тийм зүйл байхгүй гэдгийг амьдрал өөрөө нотлон харуулж байна. Одоо тус компанийн удирдлагууд хэрхэн яаж ашиг олж, өөрсдийнх нь санал санаачилгыг дэмжсэн олон мянган компанид ямар эдийн засгийн хувь нэмэр оруулах нь тодорхойгүй боллоо. Эсвэл тус нэгдэл тарж, иргэдээс авсан нэг сая төгрөгийг нь буцааж өгөх үү гэдэг асуулт ч гарч ирж байна.
“Монгол 999 үндэсний нэгдэл” ХК-д хийх ажил нэгэнт байхгүй болж, төгсөх тийшээ хандсан гэдэг нь хоёрхон жишээгээр тайлбарлагдаж байна. Энэ таван сард тус компанийн ТУЗ-ийн хурал болох гэнэ. Сүртэй, хүчтэй нээлт хийсэн тус компанийн удирдах зөвлөлөөс төслийг санаачлагч томоохон бизнесменүүд нь бараг бүгдээрээ нэрээ татаж, шинэ ТУЗ бүрэлдэх тухай яригдаж эхэлсэн нь Үндэсний нэгдэл цаашид явцгүй болж байгаагийн хамгийн том илэрхийлэл биз. Том, том юм ярьж бүлт үсэрсэн нөхөд янз нь бултах нь ээ.
Гэтэл Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Чингис хаанаас Турхан хатныг хүртэлх үеийн 60 зоосыг дуудлага худалдаанд оруулахад “Монгол 999 үндэсний нэгдэл” ХК 10 ширхэг зоосыг нь 160 мянган доллараар авсан тухай мэдээллийг “Өнөөдөр” сонин нийтэллээ. Арван ширхэг зоосыг ийм өндөр үнээр авч яах гэж байгаа юм бол. 2000 хэсэг хуваагаад одоогийн ТУЗ-ийн хурлаараа гишүүн компаниуддаа тарааж өгөх үү. Эсвэл цааш нь дамлан худалдах юмуу.
Хүний мөнгө үнэгүй гэгчээр ёстой л ард түмний мөнгөөр гараа угааж байх шив ээ. Гишүүн компанийн эзэн та энэ талаар мэдэж байгаа юу. Ер нь нэгдэл дээгүүрээ ойрд очсон уу. Ямар төсөл хөтөлбөр гаргасан байна. Хэзээ хэдэн төгрөгний ашиг олно гэнэ. Мөн ч олон асуулт ундарч байна даа. Төрийн нэр барьж луйвар хийдэг хэдэн олигархуудаа яая гэж байтал ард түмний мөнгөөр дургидаг бас нэг “нэгдэл” гараад ирсэн нь дэндүү харамсалтай яа.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )