-Стратегийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах гурав дахь шатны хэлэлцээр хэзээ эхлэх вэ?
-Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг тодруулах хоёр дахь шатны хэлэлцээр дууссан. Удахгүй гурав дахь шатны хэлэлцээр эхэлнэ. Бид өөрсдийн саналыг заавал тулгах биш харилцан ярилцаж, нөгөө талаас байгаа нөхцөл байдлаа тайлбарлах журмаар хэлэлцээр явагдаж байгаа. Хэлэлцээр дуусаагүй, сонгон шалгаруулалт дуусаагүй. Одоогоор ажил ид явагдаж байна.
Монгол Улсын Засгийн Газар стратегийн хөрөнгө оруулагчийг зөв, бодитой, Монгол Улсад, ард иргэдэд ашигтайгаар сонгон шалгаруулаад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани болгох тал дээр ажиллаж байна. Аль болохоор яаравчлахыг хүсэж байгаа. Гэхлээ яарлаа гээд нөгөө талын асуудлыг өмнөөс нь шийдэж болохгүй болохоор цаг хугацаа шаардагдаж байна. Одоо үйл ажиллагаа яг дундаа явагдаж байгаа.
-Стратегийн хөрөнгө оруулагчаас орж ирэх мөнгөнөөс ард иргэдэд хувь хүртээх юм байна гэсэн ташаа ойлголт иргэдийн дунд их байна. Үүн дээр зөв ойлголт өгөхгүй юу?
-Хувьцаа бол стратегийн хөрөнгө оруулагчтай ямар нэгэн хамааралгүй хувьцаа. Эрдэнэс Тавантолгой бол манай охин компани. Өөрөө олборлолт, маркетинг, менежментээ хийнэ. Эндээс орох орлогоосоо иргэд, аж ахуйн нэгжид хувь хүртээнэ. Харин стратегийн хөрөнгө оруулагч бол Тавантолгойн нөгөө хэсэгт үйл ажиллагаа явуулах олон улсын түншлэлийн байгууллага юм. Үүнийг сайн салгаж ойлгох хэрэгтэй.
Хөрөнгө оруулагчаас орж ирэх мөнгөнөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд өгөх гэж байгаа мэтээр ойлгож байгаа нь ташаа ойлголт. Охин компани болох Эрдэнэс Тавантолгойн орлогоос иргэддээ хувь хүртээх юм. Стратегийн хөрөнгө оруулагч бол Эрдэнэс Тавантолгойд ч бараг хамааралгүй явах талаар яригдаж байгаа.
-Хөрөнгө оруулагчаар тодрох магадлалтай компаниудыг тааварлаж яриад байна уу? Эсвэл магадлал өндөр болохоор яриад байна уу? Хэдэн компаниийн нэр гараад байна.
-Энэ бол үндэслэлгүй албан бус мэдээлэл. Одоогоор бид өөрсдийн хүсэлт бизнесийн саналаа ярьж байгаа, нөгөө талууд ч мөн адил өөрсдийн саналаа хэлж байгаа. Одоогоор тэр нь илүү гэж хэлэх үндэс алга байна.
-Танд баярлалаа.
Эх сурвалж:"Геологи уул уурхайн мэдээ"
Сэтгэгдэл ( 0 )