Өнгөрсөн өдрүүдэд үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас гол горхи үерлэж байгааг анхааруулж байна. Тухайлбал өчигдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн,Эг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 8-15 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Хэрлэн голын дагууд усны түвшин хоногт 5-50 см, Сэлэнгэ мөрний цутгал Эг гол Хантай сум орчмоор 55 см тус тус нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Хараа гол Дархан хот, Ерөө голын эх болон Сөгнөгөр, Туул гол Лүн сум, Сэлэнгэ мөрний адаг, Балж, Хэрлэн голын эх болон адгаар үерийн түвшинг 5-40 см даван хүчтэй үерлэж байна. Мөн Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн аюултай түвшинг 15 см давсан байдалтай байна. Өнөөдрийн хувьд Ерөө гол Дулаанхаан, Туул гол Улаанбаатар хот, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин хоногт 20-50 см нэмэгдэж, үерийн түвшинг 20-30 см орчим даван үерлэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )