Аавуудын баяр тохионо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

“Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж ирсэн билээ. Энэхүү баяр маргааш тохиож байгаа бөгөөд аав хүүхэд хамгийн ойр байх жилд ганц тохиодог өдөр юм. Дашрамд дуулгахад, энэ баярыг дэлхийн 17 улс энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд манай улс 18 дахь нь болжээ. Хамгийн анх 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Дод нэртэй охин өөрийн аав Смартад зориулж энэ өдрийг бий болгосон гэдэг. Түүний ээж бага дүүг нь төрүүлэхдээ насан эцэслэсэн бөгөөд тэр цагаас аав нь 5 хүүхдээ ганцаараа өсгөжээ. 1966 онд АНУ-ын ерөнхийлөгч энэ өдрийг албан ёсоор “Аавуудын баярын өдөр” болгон зарлажээ. Харин жил бүрийн 5 дугаар сарын 19-нд Англи, Франц, Бельги улсууд энэ баярыг тэмдэглэн өнгөрөөдөг байна. “Монголын эрэгтэйчүүдийн холбоо”-ноос энэхүү баярын хүрээнд НЦГ-ын харьяа Албадан саатуулах баривчлах төвд түр саатуулагдаад байгаа аав нарт зориулан арга хэмжээ, мөн Цагдаагийн ерөнхий газрын харьяа, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагчи, тэдний хүүхдүүдийн дунд “Миний хайртай аав ба би” сэдэвт өдөрлөгийг хамтран зохион байгуулах юм. Мөн олон нийтийн санал, хүсэлтийг харгалзан “Аав нарын өдөр”-ийг нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан албан ёсоор тэмдэглэдэг болох саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарт тавиад байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top