Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, монгол Гуравдугаар сургуулийн орчмоор ойрд нэгэн сонин явдал ажиглагдах болсныг учир мэдэх хөгшчүүл халаглаж суух болжээ. Учир нь, сүүлийн хэд хоног тэр хавиар явсан нохойнуудын амнаас хөөс сахарсаар үдээс хойш гэхэд л хаана ч хамаагүй байрны гадаа, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол дээр үхдэг болжээ. Хөгшчүүл нийлж шуудай, хүрзээр хогийн цэг дээр аваачиж хаягдаг ч дүүргийн ТҮК-ийн хог ачиж байгаа ажилчид “Эмнэлэгт өг. Бид нар асуудалд орно. Өвчтэй нохойнууд байвал бид өөрсдөө өвчин тусахаас эхлээд олон хор уршигтай” хэмээн ахмадуудад тайлбарласан байна.
Уржигдраас хойш л гэхэд том нохой хоёр, өнөө өглөө нэг гөлөг яг ийм байдлаар амнаас нь хөөс сахран үхжээ. Аргаа барсан ахмадууд дүүргийн Онцгой байдлын газарт мэдэгдэж, оршин суугаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо орчмыг шалгаж, нохойны болон малын гаралтай ямар нэгэн халдварт өвчин байна уу, эсвэл нохой ямар нэгэн нөлөөгөөр үхээд байна уу гэдгийг тогтоолгох хүсэлт гаргажээ. Энэ талаар одоогоор авсан ямар нэгэн арга хэмжээ байхгүй байгаа бөгөөд дүүргийн шуурхай албанд мөн мэдэгдсэн байна. Тэдний зүгээс СӨХ-д торгууль тавина гэсэн хариултыг өгсөн бөгөөд үхсэн нохойны сэг, зэмийг өөрсдийн биеэр ирж үзээгүй байгаа гэнэ. Ямартай ч юунаас болсон нь үл мэдэгдэх нохойны амнаас хөөс сахарч үхэх тохиолдол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо монгол Гуравдугаар сургуулийн орчмын байрны айлуудыг айдаст автуулсан байна. Хүүхдийн гурван тоглоомын талбай, гуравдугаар сургууль болон арванзургадугаар сургууль мөн 75 дугаар цэцэрлэг гээд тус хороонд бага насны хүүхэд, мөн тэтгэврийн хөгшчүүл олноор оршин суудаг аж. Ямартай ч иргэд энэ талаарх мэдээллээ дүүргийнхээ холбогдох бүхий л газруудад мэдэгдсэн гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )