Энэ сарын 12-13-нд шилжих шөнө их хэмжээний дуу цахилгаантай бороо орж, аянга цахилгаан цахисан. Энэ үед Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Салхит ууланд сүндэрлэн босч буй Салхин паркын ойр орчимд аянга буужээ. Аянгын улмаас салхин паркын ойр орчмын айл өрхүүдийн бүхий л цахилгаан хэрэгслүүд болох хөргөгч, хөлдөөгч, телевизор, комьпютер, тавган антень, суурин утас зэрэг шатаж, утасны сүлжээгүй болж, цахилгааны монтажинд нь асуудал тулгарчээ. Түүгээр ч зогсохгүй уг Салхин паркийн хажууханд нь байрлах Улаанбаатар төмөр замын Хоолт, Цагаанхяр зөрлөгүүдийн холбоонд гэмтэл гарч, хагас автомат хориглол нь хаагдсан байна. Хагас автомат хориглол хаагдсаны улмаас УБТЗ-ын Цагаанхяр өртөөн дээр ирсэн галт тэргийг явуулахгүй 15 минут барьжээ. Эцэст нь нөөцөө ашиглан галт тэргийг хэвийн зорчуулсан аж. Уг нь төмөр замын өртөөнүүд дэргэдээ аянга зайлуулагчтай хэдий ч сая буусан аянгыг зайлуулж хүчрээгүй бололтой.
Төмөр замын ажилчид болоод нутгийн иргэдийн хэлж байгаагаар урьд өмнө нь тус нутагт аянга бууж байсан тохиолдол цөөн бөгөөд ийм их хэмжээний хохирол учирч байсан удаагүй гэнэ. Тэд их хэмжээний хохирол учруулсан аянгыг “Салхин парк”-тай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Учир нь 80 метрийн өндөртэй, төмөр их биетэй салхин сэнснүүд аянгыг татсан байх магадлалтай гэж таамаглажээ.
Улаанбаатар-Өртөөний удирдлагууд аянгын улмаас учирсан хохирол болон зөрлөгүүдэд гарсан гэмтлийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд одоогоор засаж, янзлах ажил үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл ( 2 )
Mergejliin tuvshind ajilaa hii.Mongolchilj bj aluulah ni ee.
gazar shoroog ni ih hondsnoos bolj tenger hilegnej baina