“Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс эрхлэн “Шинэ мянганы яруу найраг” түүврийг уншигчдын гар дээр тавиад байна. Энэхүү түүвэрт 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үед утга зохиолд хөл тавьж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн 85 найрагчийн шүлэг багтжээ. Түүврийн өмнөтгөлд “Монголын яруу найргийн нэгэн үеийнхнийг илэрхийлж чадах шүлэг, найргийн дээжис энэ номд бий. 1990-ээд оны их давалгаалсан үеийн араас гарч ирсэн үеийнхэн бид ямар ч байсан хоёр мянганыг холбож, хоёр зууныг өртөөлөн бүтээн туурвиж байгаа уран бүтээлчид. Тиймээс бид он цагийн хэлхээс, ахмад, дунд, залуу үеийнхний гагнаас эвийн цавуу байхыг хүснэ” хэмээн бичжээ.
Номын нээлтэд Д.Нацагдоржийн шагналт, СЗГ, яруу найрагч Ш.Дулмаа, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ломбын Нямаа, "Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарын өмнөх үеийн төлөөлөл болон Ш.Лхамноржмаа, Ж.Мөнхбат, Н.Гантулга тэргүүтэй нэгэн үеийн яруу найрагч оролцсон юм. Энэ үеийн найрагчдын ихэнхийнх нь багш болох Ш.Дулмаа найрагч шинэ номыг мялааж, залуу найрагчиддаа хандан "Бидний үед ард түмнээ уриалан дуудаж, олон сайхан зүйлийг хийж байсан. Шинэ мянганы залуучууд орчин үеийн яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын өнгө аясыг тодорхойлж ард түмэнд шинэ зүйлийг бэлэглэж, сэтгэл санаа оюун бодлын их хүчийг өгнө гэж итгэж байна. Манай ард түмэн зовох нь зовж, жаргах нь жаргаж шинэ эрин үетэй учирч байгаа. Монголын яруу найргийг өөдрөг өнгөтэй байлгах, шинэ үзэл санаа, шинэ сэдлийн их уурхайг бэлэглэх үүргийг "Шинэ мянганы" залуучууд хүлээж байгаа юм. Та нар ядуу хүн ч уншаад сэтгэлээ гэрэлтүүлэх, баян хүн ч уншаад ядуугаа энэрэх, ухаантай хүн ухаанаа цэлмэх зохиол бүтээлийг гаргаж, ард түмэндээ бэлэглэх үүрэг иржээ.
Та бүхний уран бүтээл шинэ мянганыг төлөөлөхөөс гадна монголын ард түмнийг шинэ үзэл санаа, амьдралын гэрэл, гэгээд дуудах юм шүү. Зохиолч хүнд гэрэл, гэгээтэй сайхан зүйл бичиж, хүмүүсийн сэтгэлийг гэрэлтүүлэх шиг сайхан зүйл байдаггүй юм” хэмээн сэтгэлийн үгээ хэлсэн бол, Ломбын Нямаа найрагч шинэ ном бүртээ шат ахиж, улмаар англи хэлээр шүлэг бүтээл туурвиж, дэлхийн дэвжээнд гарахыг захилаа.
Харин 90-ээд оныхноо төлөөлөн ирсэн найрагч А.Эрдэнэ-Очир “Нэг тийм юу нь мэдэгдэхгүй хүлээлт байдаг даа. Тийм сонин хүлээлт бидэнд байгаад л байсан. Тэр хүлээлтийн хариулт энэ ном боллоо” гэсэн юм. Дашрамд дуулгахад, "Шинэ мянган" нэгдэл нь нэгэн үеийн яруу найргийн дууны шүлгийн цомог, үргэлжилсэн үг, туужийн түүврийн номыг залуу яруу найрагчдаа дэмжин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү түүврээрээ Монголын утга зохиолын бүх үеийнхэндээ, яруу найрагт хайртай уншигчиддаа хүндэтгэл үзүүлж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )