Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох V дах удаагийн сонгууль болоход цөөн хоног үлджээ. Сурталчилгаа ч ид хүчтэй өрнөж байна. Гэвч энэ үед хэн нь сонгогдох бол гэсэн таамагтай зэрэгцээд ирц нь хүрэх болов уу, бидний татварын мөнгөөр дахиад сонгууль болох вий, хүмүүс хэр идэвхтэй оролцох бол гэдэг асуудал шүдний өвчин болоод байгаа нь нууц биш. Судалгаанаас үзэхэд манай 18-25 насны залуучуудын дөнгөж 10 гаруй хувь нь, 18-35 насны залуучуудын дөнгөж 20 гаруй хувь нь саналаа өгдөг гэсэн тун харамсалтай тоо харагдаж байгаа юм. Тиймээс 2013 оны бүхий л ажлаа “ОРОЛЦЪЁ” уриан дор явуулж буй МЗХ залуучуудын төв байгууллагын хувьд дээрх судалгаанд дүгнэлт хийгээд, залуучуудаа саналаа өгч, сонгуульдаа идэвхитэй оролцоход уриалж өнөөдрөөс эхлэн 14 хоногийн турш “Залуусаа, сонгуульдаа оролцъё” аяныг санаачилан зохион байгуулж байгаа юм байна.
Тэд аливаа нэг улс төрийн намын нэр дэвшигчдийг дэмжиж ажиллахгүй, зөвхөн нийт залуусаа идэвхтэй байж сонгуульдаа оролцож, ирээдүйнхээ, сонголтынхоо эзэн нь байгаасай гэж уриалсан утгатай уриалгуудыг фэйсбүүк, твиттер гээд цахим ертөнц болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан явуулах гэнэ. МЗХ-ноос нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад нийгмийн хариуцлагаа ухамсарлан эдгээр шторк, уриалга сурталчилгааг үнэ төлбөргүй цацаж өгнө үү гэсэн хүсэлт илгээж, цөөнгүй байгууллагууд дэмжихээр болсонд талархаж байгаагаа мөн тэд илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ СЕХ энэхүү залуучуудын байгууллагын явуулж буй санал санаачлагыг талархалтай хүлээн авч хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн олон залуучууд энэхүү аянд нэгдэж зургаа татуулж, бусдыгаа, найз нөхдөө уриалахад гар бие оролцжээ.

Сэтгэгдэл ( 0 )