43 иргэнийг хар тамхины хэргээр шалгав

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 11

Манай улсын 34 иргэн хилийн чанадад хар тамхины хэрэгт холбогдон хоригдож, ял эдэлж байгаа. Монгол Улс эдгээр иргэдээ хоёр улсын хэлэлцээрээр авах хүсэлтээ илэрхийлдэг ч тэдний зөөвөрлөж явсан хар тамхины хэмжээ хэтэрхий их гэдэг тайлбарыг өгдөг аж. Харин эсрэгээрээ Монгол Улсад гадны иргэд хар тамхи зөөвөрлөж ирээд хариуцлага хүлээдэг үү гэсэн асуулт урган гарах юм. 


Монгол Улс хар тамхийг дамжуулагч орон байсан бол одоо хэрэглэгч орны тоонд оржээ. Үүнээс үүдэлтэйгээр гадны хар тамхины наймаачид, томоохон бүлэглэлүүдийн гар, хөл Монголд хэдийнэ орж ирээд байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хууль, шүүхийн байгууллагад гадны иргэдийн хар тамхитай холбоотой 43 хэргийг шалгаж байгаа юм. Манай улсын хил, гааль, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дээр гадны болон дотоодын иргэд төрөл бүрийн хар тамхи оруулж, гаргах тохиолдол их байдаг аж. 

Тухайлбал, Филиппиний иргэн Вен До хэмээх эмэгтэй 5,3 килограмм опиум оруулж ирсэн гэнэ. Үүнээс гадна хип хоп хамтлаг, дуучдын гэгддэг 13 хүн холбогдсон хар тамхины хэргийн гол өдөөгч нь Ирланд улсын иргэн байсан ч Монголын хилээр гарч зугтсан байдаг. Тэгвэл хуулийнхан гадаад, дотоодын иргэн гэхгүйгээр ижил тэгш хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа, орж ирсэн хэргүүдийг шийдвэрлээд гадны, дотны гэлгүй ял хүлээлгэж, хариуцлага тооцож байгаа гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн ОНХА-ны дарга Л.Бямбаа дуулгалаа. Түүний хэлснээр ийм төрлийн гэмт хэрэг харьцангуй нэмэгдэж байгаа бөгөөд төрийн бодлогоор хар тамхинд хяналт тавихгүй бол монголчуудын дунд хар тамхи гэж юу байдгийг ч мэдэхгүй хүмүүс ял авах тохиолдол ихэсч, гадныхны гар, хөл болж байгааг онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top