Баяр гуниг, жаргал зовлон сүлэлдсэн хүмүүний амьдрал хэрхэн, ямар замаар өрнөхийг хэн ч таашгүй. Өнгөрснөө эргэцүүлж, өнөөдрөө дүгнэн, ирээдүйгээ харах хүсэл хүн бүрт бий. Гэвч зөн билэг гээч ховор сонин мэдрэмж хүссэн бүхэнд нь заяах биш. Бусдаас содон, басхүү ирээдүйн амьдралыг нь зөгнөн хэлэх чадвартай зөн билэгтнүүд бидний амьдралд цөөнгүй байдаг. Тэдний нэг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн ялагч, “Монголын шилдэг зөн билэгтэн”-ээр тодорсон удган Т.Замандтай уулзаж ярилцлаа.
-Хөвсгөл нутгийн удган гэхээр хүмүүс таныг бөөлдөг гэж ойлгодог юм билээ. Гэтэл та чулуу татаж, мэргэлдэг юм байна?
-Тийм ээ, би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хүн. Үе дамжсан гурав дахь үеийн удган. Эмээ минь зөн билэгтэй, ховорхон хүн байлаа. Өдгөө үр хүүхэд, найз нөхөд, ард түмэндээ зөн билгийн мэдрэмжээ түгээж яваагаа эмээгийн минь өвлүүлсэн буян заяа гэж боддог.
-Та хэдийнээс эхэлж чулуу татав. Зөн билэг тань тодорсон үе яг хэзээ юм бэ?
-Хүүхэд байхад зөн билэг минь тодорсон. Тэр үеэс л чулуу татаж, мэргэлэх болсон. Тухайн үед ном судартай, мэргэ засал хийдэг хүнийг хэлмэгдүүлэх нь элбэг байсан тул чулуугаар мэргэлдэгээ тас нуудаг байлаа. Гудамжны үзүүрт эргүүл зогсоод л айлын үүдэнд саатсан машины дугаарыг тайлж аваад, Замын цагдаад аваачиж өгдөг байлаа шүү дээ. Цагийн байдал чанга хатуу байсан болохоор хүнд тус болж, мэргэ засал хийхээс эмээдэг байв. “Цаг цагаараа, цахилдаг хөхөөхөө байдаггүй” гэдэг үг бий. Өнөөгийн нийгэмд бүх зүйл нээлттэй болж, санаснаараа амьдарч явна даа.
-Та олон хэрэг илрүүлж, зөн билгээ баталсан гэдэг. Үнэн үү ?
-Тийм ээ, гэмт хэргийн шинжтэй олон асуудлын учрыг олоход тусалсан. Олон жилийн өмнө тохиолдсон инээдтэй гэмээр нэг явдлыг яръя. Би такси баазад олон жил жолоочоор ажилласан. Нэг удаа цахилгаанчин охины халааснаас мөнгө нь алга болж, өөр хүн гүтгэгдсэн хэрэг гарлаа. Тэгэхэд нь хүнээр чулуу түүлгэж үзээд, хулгай хийсэн эмэгтэйг нь олсон ч хэргээ хүлээгээгүй. Аргагүйн эрхэнд баазынхаа инженерт хэлж, нохойтой цагдаа дуудуулсан. Цагдаа нар олон хэрэг илрүүлсэн, гаалийн нохой дагуулж ирээд үнэрлүүлэхэд нөгөө хүн дээр очсон шүү. Сүүлд нь бүх хүний өрөөсөн гутлыг тайлж аваад, хашаан дотор тараахад нохой мөнөөх хулгайч эмэгтэйн гутлыг олж, зуугаад ирж байлаа. Ингээд хэргийн эзэн үнэнээ хүлээхээс өөр аргагүй болсон доо.
Нэг удаа Хэнтий аймгийн хийдээс дөрөв, таван бурхан алдагдсан хэрэг гарч, лам нар нь намайг дуудлаа. Дуган дотор нь ороод “Бурхан авсан хүн миний өмнө сууж байна. Буяны хүн бузраа тайлж, бурхан судраа буцаагаад тавих юм байгаа биз дээ” гэж хэлсэн. Тэгтэл хоёр хоногийн дараа алдагдсан бурхадыг гэрийн тооноор оруулж, шидсэн байдаг юм. Энэ мэтээр сэтгэлд цөвтэй олон хэргийн учгийг тайлж байлаа.
-Таныг “аавын хаалга” хүртэл татаж явсан гэж дуулсан. Чулууны мэргэ, зөн билгийн мэдрэмжээсээ болсон хэрэг үү?
-Зайсангийн эмнэлэгт хэвтэж байсан нэг хүүд засал хийх гэтэл эмч нар оруулаагүй. Тэгэхээр нь шөнийн 23 цагт цонхоор нь орж, засал хийгээд буруутсан хэрэг л дээ. Сүхбаатар дүүрэгт явж байтал цагдаа нар араас хөөж бариад, дээлний бүсээр минь хүлж, мөрдөнд суулгасан. Тэд эмэгтэй хүнийг өрөвдөх сэтгэлгүй, үүр цайтал суулгачихаад дараа нь Ганц худаг руу ачсан шүү.
-Та олон өнгийн чулуутай юм. Хаанаас цуглуулсан юм бэ?
-Төрсөн нутаг, тоглож өссөн газар, Тэсийн гол гэх мэт энерги шингэсэн газраас цуглуулсан. Бас Австри, Польш, Германаас цуглуулсан чулуу ч бий. 41 чулуу өөр өөрийн гэсэн онгодтой. Одоо чулуунууд маань элэгдээд бараг л хутганы ир шиг нимгэн болжээ.
-Хутганы ир шиг нимгэрсэн гэхийг бодоход олон жил мэргэлжээ. Чулуугаа солихоор мэргэнд чинь нөлөөлөх үү?
-40-өөд жил чулуу тасалж, мэргэлж байна. Чулуунуудаа би амь шигээ хайрлаж явдаг. Шинээр сольсон ч, мэргэнд нөлөөлөхгүй. Ямар чулуу сонгохоо сайн мэдэх учраас. Чулууны мэргэ үнэнийг өгүүлдэг, толинд харсан мэт тодорхой хэлдэг. Би 41 чулуундаа итгэдэг. 2000 онд “Дэлхийн содон хүмүүсийн чуулган”-д оролцож “Дөрвөн зүг, найман зовхист алтан шош” хэмээх өргөмжлөл хүртсэн. Гайхуулж байна гэж битгий бодоорой, миний чулуунууд Монголдоо төдийгүй дэлхийд алдартай.
-Зөн билэгтэй хүмүүс зурхай судлал сонирхдог болов уу, аль эсвэл удам дамжсан авьяас мэдрэмж илүү чухал уу?
-Тухайн хүний мэдрэмж чухал. Өөрт заяасан мэдрэмжээр бусдын хувь тавиланг харж чадна гэдэг ховор авьяас.
-Хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг харна гэдэг амаргүй. Өөрт тань үзүүлсэн хүмүүсийн хувь тавиланг үнэн зөв хэлж чаддаг гэдэгтээ итгэлтэй байдаг уу?
-Надад алдаж хэлсэн удаа байгаагүй. Хүнд аз ч бий, эз ч бий. Засал хийх боломжтой үед тухайн хүнийг бурхан сахиус нь хэрхэн хүлээж авахыг үздэг юм. Үнэхээр авралгүй хүнийг буцааж явуулахаас өөр аргагүй. Хэрэв засал авах боломж байвал ажил амьдрал, нойр хоол, орчин нөхцөл зэрэг бусад асуудал огт хамаагүй. Ямар ч үед өөрийгөө зориулж, засал номоо хийнэ. Надад амарч тухлах өдөр тун ховор. Эмэгтэй хүний хувьд гоо сайханд орох, гэр орноо анхаарах, машин тэргээ засах ч зав гардаггүй. Заманд хэдий их эрдэм чадалтай байлаа ч, өөрөөрөө л үлдэнэ. Надад зангаа хувиргаж, биеэ тоогоод, хамгаалагчаар хүрээлүүлээд явах шаардлага байхгүй. Би ард түмэнтэйгээ ойр байхыг хүсдэг. Надад аливаа нэг асуудал нь болж бүтээгүй, аргаа барж ядарсан хүмүүс ханддаг. Ирсэн хүмүүс хувь заяагаа мэдэж, заслаа хийлгээд, сэтгэл тэнэгэр буцдагт нь баярладаг.
-Зарим хүн хауст амьдарч, чинээлэг эрхмүүдийн ивээлд багтахыг хүсдэг шүү дээ. Гэтэл та огт эсрэгээрээ юм?
-Миний хувьд, эмээгийнхээ буян заяаг түмэн олонд хүргэх нь илүү чухал. 2009 онд “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт орсноор өмнө минь их боломж нээгдсэн. Тухайн үед надад гурван өрөө байр авч өгсөн хүн ч бий. Тэр байранд хүүхдүүд минь одоо амьдарч байгаа. Одоогоос 10 гаруй жилийн өмнө Төмөр замд тусгай хамгаалалттай хоёр өрөө байр мөн л өгсөн. Би очоогүй ээ. Эмэгтэйчүүдийн холбооныхон Амгаланд барьсан сүрлэн байшингаасаа бэлэглэхэд нь хадаг зүүгээд л гарч ирч байсан. Надад үнэтэй байр, тансаг хауст амьдрах сонирхол байдаггүй юм.
-Хувь заяаны заслыг чулуугаар хийж болдог юм уу. Заслын хүчинд амьдрал нь тэгширсэн хүмүүс олон байдаг уу?
-Чулуугаар засал хийхгүй. Зөвхөн хувь төөргийг нь л мэргэлнэ. Хүний амьдралын өнгөрсөн, одоо, ирээдүйг харж, болж бүтэхгүй зүйлийг нь тэгшилж өгөх учиртай. Заслын хүч хүмүүсийн амьдралд нөлөөлсөн учраас би өдий дайтай яваа. Худлаа яриад, юу ч хийж чаддаггүй байсан бол олон түмнээр хүрээлүүлж суухгүй шүү дээ. Хадаг сүүгээ бариад, аврал эрсэн хүмүүс хуурамч үзмэрчтэй ганц удаа уулзаад л итгэл төрөхгүй болно шүү дээ. Би мэргэ, засал хоёртоо их итгэдэг, нэг ч удаа эргэлзэж байгаагүй.
-Дал, хөзөр, зоос, зураг эвлүүлэх гээд л хүмүүс олон зүйлээр мэргэлдэг. Чулуу чухам юугаараа илүү юм бэ?
-Чулууны мэргэ үнэнд ойр буудаг. Байгаль дэлхийн энерги чулуунд шингэсэн байдаг учраас од гариг, эрхэстэй холбогдож, тухайн хүний хувь заяаг тайлж уншдаг. Чулууны мэргэ үнэнд ойр гэдгийг олон орны эрдэмтэд баталсан. “Дэлхийн содон хүмүүсийн чуулган”-д оролцож байхад эрдэмтэн мэргэд “Монголын Чингис хааны Заманд 98 хувьтай” гэхийг сонссон шүү.
-Ханийн даллага авах, үрийн заяа дуудуулах гэх мэт тодорхой хэдэн төрлийн засал хийдэг хүмүүс бий. Таны засал хязгаартай юу?
-Үгүй ээ, надад хийж чадахгүй засал байхгүй. Энэ заслыг хийж чадахгүй нь дээ гээд хүн буцааж, сэтгэлийг нь гонсойлгож үзээгүй өдийг хүрлээ. Засал заслын дундаас хамгийн хэцүү нь үхээрийн бузар, удам дамжсан хараал байдаг.
-Сүүлийн үед бөө, удган хэтэрхий олширлоо. Бүр онгод сахиусаа хүлээж авахгүй бол амьдрал нь сүйрнэ гэх мэт хараалын чанартай ухуулга их болж. Энэ талаар ямархуу бодолтой явдаг вэ?
-Бөө, удганы асуудал замбараагүй болсон нь үнэн. Бурханы нэрээр бизнес хийж яваа хүмүүс тодорхой хугацааны хувьтай, тохирсон үйлтэй байдаг. Гэтэл өнөөдөр хүний хувь заяагаар тоглож буй бөө даанч олон. “Бөө болохгүй бол хэцүүднэ. Хүүхэд чинь үхнэ” гэж айлгаад хамаг мөнгийг нь тонож байна шүү дээ, тэд. Миний мэдэх хоёр ч хүнд иймэрхүү дарамт ирж, амиа егүүтгэхэд хүргэсэн. Бас бөө болох гээд чадаагүй, яах ч учраа олохгүй яваа хүмүүс өмсгөл, хэнгэрэг цахиураа шатааж эхэллээ. Зарим нь хадаг сүү барьж ирээд надаар засал хийлгэж байна.
-Бөөгийн хэрэглэл, сахиус хүлээж авах ёслол гэж баахан мөнгө залилдаг юм биш үү. Тэдгээр зүйлийг шууд шатааж болно гэж үү?
-Ингэж хууртагдсан хүн цөөнгүй. Бүр банкин дахь мөнгөө шавхаж, хэдэн мянган евро зээлж аваад бөө ч биш, удган ч биш болсон хүн ч байдаг. Зарим нь бөө болох гэж өрөнд унаж, дарамтанд ороод сэтгэцийн өвчтэй болж байна. Бөө болох гээд хууртагдсан нэг жаахан охин манайд өмсгөл зүүсгэлээ орхиод зугтсан. Сүүлд давхар биетэй болсон гэх сураг дуулдсан.
-Та тэгвэл шавьтай болсон уу. Багшдаа гарын бэлэг өгөөд л бөө болчих уу?
-Яалаа гэж. Зүгээр нэг бэлэг сэлт солилцоод “Чи бөө боллоо” гэж хэлээд авна гэж байхгүй. Тухайн хүнийг углаж авахын өмнө төрсөн нутагт нь очиж, есөн эхийн цагаан сүүг амлуулж, ариусгах учиртай. Бурханы дамжуулсан зүйлийг мөнгөөр үнэлж хэзээ ч болохгүй. Шавь нь багшаа хүндэтгэж бэлэг барьдаг ёс бий. Гэхдээ хэмжээ хязгаартай байх нь чухал. Ховд аймгаас нэг хүүг шавиа болгохоор авч ирсэн. Сая бас нэг эмэгтэйг углаж авлаа.
-Углаж авна гэдэг багш шавийн барилдлагатай болно гэсэн үг үү?
-Ном ёсоор бол тийм. Их утга учиртай үг шүү.
-Та онгод сахиустайгаа яаж харилцдаг юм бэ. Хөх тэнгэрээ шүтэх үү, бурхан номоо дээдлэх үү?
-Хэдийгээр би удган гаралтай ч энд тэндгүй бөөлдөггүй. Тэнгэртэй харьцаж, засал номоо хийх үе бий. Буян заяа биед минь шингэсэн учир элдэв хувцас өмсдөггүй. Тэнгэр бурхантай харилцаж, тахилга хийх үедээ өмсгөл зүүсгэлээ ном ёсоор нь хэрэглэдэг. Би хан хурмаст тэнгэр эцэг, хатан дэлхий ээжийгээ шүтдэг.
-Чулуу татахаас өөрөөр хүний хувь заяаг харах боломж байдаг уу, танд?
-Хүний харц, хөдөлгөөнийг хараад хувь заяа, тавилан төөргийг нь хэлэх зөн совин бий.
-Бөө мөргөлөөс гадна удам дагасан үзмэрч, зурхайч гэх хүмүүс Гандан тойроод сууж байна. Тэдгээр хүмүүст үзүүлж байсан уу?
-Сүхбаатарын талбай, Гандантэгчинлин хийдийн ойролцоо сууж мэргэлдэг бүх хүнд үзүүлсэн. Хэн нь ч намайг таниагүй. Харин нэгдүгээр хороололд байдаг нэг үзмэрч, бас Энергийн төвийн хамба лам хоёр л надтай өөрөөр харилцсан. Нэг үгээр хэлбэл намайг зөн билэгтэй гэдгийг таньсан.
-Та бусдын хувь тавиланг мэргэлж хэлдэг шиг таны төөргийг ч бас нэвт шувт харсан мэт хэлсэн хүнтэй таарч байв уу?
-Тэр хамба лам үнэн хэлсэн шүү. Бас нэг удаа Долоон буудалд явж байхад таарсан хүү миний амьдрал, найз нөхдийг алган дээрээ харсан мэт хэлсэн. Тэр сүрхий хүүгийн нэрийг асууж чадалгүй хоцорсондоо одоо их харамсдаг. Зөн билэгтэй, цаанаа л далд авьяас мэдрэмжтэй нь мэдрэгдээд байсан шүү.
-Ямар нэгэн таагүй зүйл харагдсан үед тухайн хүнд хэлэхээсээ айх ч юм уу, энэ мэдээллийн сөрөг нөлөө танд мэдрэгддэг үү?
-Үгүй, би харин ч бүр хэцүү бүхнийг нь ухаж гаргаад хэлчихдэг. Хувь заяанд нь буусан амаргүй зүйлийг хэлэхгүй өнгөрч чадахгүй. Энэ бүхнийг мэдэж байж л замаа засуулах ёстой шүү дээ. Хэрэв эдгээр зүйлийг нь хэлж чадахгүй, элдэв шалтаг зааж байвал тэр үзмэрч мэргэлж чадахгүй байна гэсэн үг.
-Нэг удаа хүний худалдаж авсан талхнаас ямар нэгэн заслын утгатай хүнхэл гарч олныг шуугиулсан. Үзмэрчид янз бүрийн засал номын арга зааж өгснөөс болж, хүмүүс ийм хачин үйлдэл хийгээд байгаа юм болов уу?
-Үгүй ээ, энэ бүхэн хэн нэгний санаатай хийсэн явуулга байх. Хүний иддэг зүйлийг засалд ашиглавал өөрт нь л муу. Засал их олон янз байдаг ч элдэв муу арга хэрэглэж болохгүй. Хараал хариулахад түүхий мах, сумны зэв, хамрын тамхи, хүний эд хэрэглэл оролцуулдаг. Сайн зүйлийн засалд есөн эрдэнэ, цагаан идээ, хадаг ордог. Хүнсний төрлийн зүйлээр дамжуулж засал хийнэ гэдэг муу ёр.
-Шашин шүтлэгийн асуудал чөлөөтэй хэдий ч эрчимтэй нэмэгдэж байгаа лам, үзмэрч, бөө нарыг харахаар сэтгэл эмзэглэх юм. Монголчууд тийм их зөн билэгтэй улс юм уу, аль эсвэл туйлшраад байна уу?
-Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар, монголчууд бөөгийн удамтай нь батлагдсан. 1970-1980 оны үед зөн билэгтнүүд олноор хэлмэгдэж, мэргэ заслынхаа эд зүйлийг уул хаданд нууж, шороонд булдаг байсан. Манай нутагт Цэдэнпил гэдэг мундаг хүн байлаа. Энэ хүн намайг өргөж авах гээд чадаагүй юм гэдэг. “Миний охины энэ хоёр гар, өтгөн үс, улаан хацар буян хишигтэй. Их мундаг хүн болно доо. Охиныг минь сэвтүүлчих вий” гэдэг байсан. Тэр хүнийг 35 жилийн дараа сумын эмнэлэгт хэвтэж байхад нь сураглаж очиход, намайг шууд таньсан. “Миний хүү мэдсэнээ дэлгэрүүлж, мэлмийгээ нээгээрэй. Чамд жаахан тааруу нөхөр заяаж дээ” гэж хэлсэн. Түүнээс хэрхэх тухайгаа асуутал “Чадалтай, сайн эм хүнд хэзээ сайн эр хүн таарч байсан юм бэ. Чи өөрийнхөө чадлаар амьдарна” гэж тайтгаруулсан даа.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Таван охин, нэг хүүтэй. Том охин Австрид амьдарч байна. Удаахи нь СУИС-ийг дуурийн гоцлол дуулаачийн мэргэжлээр төгссөн. Дүү нь Канадад сурч байгаа. Түүний дараагийн охин нь “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Ука. Отгон охин маань СЭЗДС-д, хүү МУИС-ийн хуулийн ангид суралцдаг. Би бурхан шүтээн, онгод сахиус, эмээ ээж, хөх тэнгэртээ залбирахдаа “Ямар азаар надад хэдэн сайхан хүүхэд заяагаа вэ” гэж боддог. Хүнд ажил хийж, амьдралаа өөд нь татах гэж зүтгэхийн хажуугаар энэ олон хүүхдийг өсгөж, өндийлгөж чадсан хувь заяандаа баярлаж явдаг.
-Үр хүүхдүүдээс чинь удам дагах нь уу?
-Хоёр хүн бий, гэхдээ одоогоор нууц. Нэгийг нь хүмүүс бараг мэдсэн дээ. Зөн билгийн мэдрэмжийг хүнд зааж өгч болдоггүй юм.
-Укагийн ард таныг байгаа учраас “Киви” хамтлаг амжилтад хүрсэн гэж хэвлэлийнхэн бичдэг. Үнэхээр та тэдэнд засал ном хийдэг юм уу?
-Охин маань хар багаасаа л урлагаар явж, уралдаан тэмцээнд оролцдог байсан. Гэтэл хүмүүс бааранд тайчдаг байсан гэж янз бүрээр ярьдаг юм билээ. Хүн зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийж болно. Гэхдээ манай Ука тэгж явах хүмүүжилтэй биш. Эх хүний хувьд, охиныхоо араас зовж, бурхандаа залбирч, сүү өргөлгүй яах вэ. Өнгөрсөн жил задгай талбайд тоглолт хийх гэж байхад нь олон хоног бороо орсон шүү дээ. Тэгэхээр нь би хүний хөл татарсан хойно тэнд очиж бороо хариулаад явж байсан. Үр хүүхдийнхээ ажил төрлийг дэмжихгүй хэн байх вэ. Гэхдээ би тэднийг зэрэгцүүлж суулган жавтий хүртээгээд, хийморийн сан тавьж үзээгүй. “Загасчны морь усгүй” гэдэг үг байдаг даа. Надад охинтойгоо уулзах зав тэр бүр гардаггүй. Онгоцны буудал дээр мэнд усаа мэдээд зөрөх үе олон байдаг. Гадаадад аялан тоглолтоор явахад нь охиноо санаад л сууж байдаг юм.
-Нутагтаа очдог уу?
-Нэг хэсэг үргэлж очдог байлаа. Сүүлийн үед зав гарахаа больсон байна. Тэгээд ч би хаашаа явж, юу хийхээ огт товлодоггүй. Очмоор санагдвал ямар ч үед нутаг руугаа жолоо зална. Нутаг руугаа тэмүүлсэн үед сэтгэл минь уул усаа харж тайтгардаг. Нэг удаа унаж явсан машиныхаа түлхүүрийг цагдаад өгчихөөд онгоцонд суугаад явчихаж билээ. Хөвсгөл аймгийн Мөрөнд очоод гэрийнхэндээ утсаар хэлтэл үнэмшээгүй. Түм түжигнэж, бум бужигнасан их хотын дуу чимээнээс түр боловч холдож, нутагтаа очихоор сэтгэл хөнгөрөөд сайхан болдог юм. Жимс түүж, усанд явж, үнээ сааж, нутгийн буурлуудтай хууч хөөрч суух надад жаргал юм шиг санагддаг.
Р.МӨНГӨН
Сэтгэгдэл ( 17 )
yaj holbo barih we dugarin heled uguch
zamandtai holboo barih utasnii dugaar ntriig ni meddeg hun bnuu???ovchin zovlondoo shanalaad argaa baraad bn tuslaach humuusee.ene huntei l neg uulzchih ymsan...meddeg hun bval maralaa888@yahoo.com-ruu mail yvuulaach guij bn..
Бөө бодит хүн сүнслэг орчин .Муулах шаардлагагүй.Би
Бөө бодит хүн сүнслэг орчин .Муулах шаардлагагүй.Би
Бид өөрсдийн бодол санаагаа сайн зүйл рүү чиглүүлэн ахуй амьдралаа дээшлүүлэх үйлд суралцах хэрэгтэй .
mundag hvn bna ih buyantai hvn
Гэхдээ манай Ука тэгж явах хүмүүжилтэй биш. yadaj hajudaa bgaa ohin huuhdee haan u hiij yawaag ch meddeggui um chini yaj hunii huwi zayag hardag bnaa. sorry
Garchignii uchiriig tailsangvi dee ho
Ene emegtei chini duuchin tsagaan tolgoitoi Ukagiin eej shuu dee
iim hunee hairlahsan
chuluun merge ih sain heldeg. zamandiig yaj oloh ve?? haygiig ni heleed uguuch?? gaamaa56@yahoo.com ruu ???????
Энэ эмэгтэйг зөн билгийн тулаанд орж байсныг нь санаж байнаа. Чулуугаар мунадаг мэргэлдэг их аятайхан даруухан эмэгтэй байсан. Нэг мэргэлүүлэх юмсан . Даанч энгийн бидэнд олдохгүй байхдаа.
iimerhuu luivarchdiig mash hatuu shiitgej ingej amarhan mongo oloh sonirholtoi busdad n hatuu syrgamj uzuuleh hereretei. odoo bvr ooriigoo soningoor il tod reclamddag bolson baina. iim iymand itgeed yavj baigaa humuus neeree... iy geh ve... heleh vg oldohgvinee
hna bdag ve yaj holboo barih ve