Д.Үүрийнтуяа: Гадаадынхан “Хоолойндоо аппарат суулгасан юм уу” гэж гайхдаг

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 03

Ардын болон уртын дууг этник хэлбэрээр дуулсаар олны танил болсон “Шуранхай” хамтлагийг хүмүүс андахгүй. Авьяаслаг бүсгүйчүүд “Ивэлсэн сүү”, “Шуранхай” тоглолтын бичлэг болон урын санд байгаа бүх дууны клип, гишүүдийн танилцуулга бүхий DVD, “Шуранхай” нэртэй хос цомог гаргасныхаа дараа тарсан бөгөөд өдгөө тус тусынхаа уран бүтээлд анхаарч буй. Ингээд уртын дуучин Д.Үүрийнтуяатай ярилцсанаа хүргэе.  

-Та аль нутгийн хүн билээ. Уртын дуутай холбогдсон түүхээ сонирхуулаач?

-Би Дундговь аймгийнх л даа. Манай нутгийнхан дуу хуур, найр наадам, айраг идээ болсон улс. Бага байхаасаа эхлээд л өвөөгөө даган найранд очиж, уртын дуу сонсдог байлаа. Эхний үед уртын дууг балчирхан оюундаа ойлгож ядан “Ёстой хэцүү дуу байна. Энэ хүмүүс яаж өдөржингөө дуулдаг байна аа” гэж боддог байсан. Сүүлдээ өөрийн эрхгүй  уртын дуунд дурласан. Аялгуут дуугаа сонсч, дагаж дуулсаар байгаад СУИС-ийн уртын дууны ангид урилгаар орж байлаа. 2007 онд сургуулиа төгссөн шүү дээ, би. Оюутан байхаасаа эхлэн урлагийн тоглолтод уригдаж, гадаад руу явахаас гадна олон улсын наадамд оролцож байсан. Европын орнуудаар их ч явсан. Энэ хугацаанд анхны бие даасан цомгоо Швейцарь улсад бичүүлсэндээ маш их баяртай байдаг. Тэгэхээр уран бүтээлийн гараа минь оюутан байх үеэс эхлэлтэй гэж хэлж болно шүү.

-Гадаадад ямар уран бүтээлчидтэй хамт ажилладаг байсан юм бэ?

-Үндэсний хөгжмийн “Ханбогд” чуулгатай хамт аялан тоглолт хийнэ. Энэ ч утгаараа, чуулгынхантайгаа хамтарч “Ханбогд” нэртэй цомог гаргасан. Энд цөөхнийг авчирсан болохоор их ховор. Ихэвчлэн гадаадын хөгжмийн дэлгүүрт борлогдож байгаа. Миний хоёр дахь цомог “Nomadic classic” буюу “Нүүдэлчдийн сонгодог” нэртэй. Уртын дуу бол монголын сонгодог урлаг. Ард түмэн маань эрт цагт нүүдэллэж явахдаа энэ сайхан урлагийг бий болгосон гэдэг утгаар ийм нэр хайрласан. Монгол улсын морин хуурын чуулгатай хамтарч хийснээрээ их онцлогтой л доо. Анхны цомгийг бодвол, айзам уртын дуунууд түлхүү багтаасан юм. Мөн хүмүүст мартагдах шахсан уртын дуунуудыг ч сэргээж дуулсан. Ардын дуу маань тун  баялаг, үндэстэн ястнуудын өвөрмөц онцлогийг шингээсэн бүтээл их бий.

-Манай уртын дуучдыг гадныхан их сонирхдог гэсэн. Уран бүтээлээрээ гайхуулж, бас бахархаж чаддаг болов уу?

-Үнэхээр сайхан хүлээж авна гээч. Дуугаа дөнгөж эхэлмэгц дуу алдаж биширдэг. “Та нарын хаанаас ийм дуу гараад байна. Ямар сонин аялгуутай юм бэ. Үнэхээр гайхамшигтай юм. Урьд нь ийм дуу сонсч байгаагүй” гэж ирээд л гайхна. Уртын дуу цохилго, шигшлэг гээд олон чимэглүүртэй. Тэр чимэглүүрийг сонсоод л “Яаж хийдэг юм бэ. Хоолойндоо аппарат хийлгэсэн үү” гээд учир зүггүй шалгааж, бараг шалгалт хийх дөхнө. Энэ үед л үндэснийхээ урлагийг сайтар эзэмшсэндээ өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг.   

-Ардын дууг рок поп, R&B, транс зэрэг олон төрөлтэй хослуулж байна. Этник болгосноор хүмүүст илүү хүрч байгаа учраас тэр үү. Хуучин байдлаар нь дуулбал охид залуус сонирхохгүй хэрэг үү?

-Этник стилиэр дуулахаар залуус төдийгүй хөгшчүүл хүртэл сонсох дуртай. “Хөөх, ардын дуу ийм гоё сонсголонтой байдаг хэрэг үү. Дагаад бүжиглэмээр ч юм шиг” гэж сэтгэл нь хөдөлдөг юм билээ. Охид залуус их таатай хүлээж авна. “Үндэсний соёл урлаг нь үгүй болсон улс орныг сүйрсэнд тооц” гэдэг шүү дээ. Тэр ч утгаараа, үндэснийхээ соёлыг олигтойхон аваад явчих юмсан гэсэн үүднээс уран бүтээлээ туурвидаг.

-Үндэсний урлагийнхан маань ихэвчлэн гадаадад тоглодог. Гэтэл манайд энэ төрлийн томоохон хэмжээний тоглолт тэр бүр болдоггүй шүү дээ?

-Тийм ээ, уртын дуучид гэхээр л хүмүүс биднийг хоёр гараа зөрүүлээд хөдөлгөөнгүй зогсдог гэж боддог юм шиг ээ. Гэтэл дуулж, бүжиглэхийг минь хараад ямар их алмайрдаг гээч. Ялангуяа дурлалт хосууд их сонирхоно оо. Хурим найрын урилга тасралтгүй ирдэг юм.  

-Таны хувьд, хамгийн их дуулах дуртай дуу гэвэл?

-Үзэмчин ардын дуу “Торгоны хээ”. Энэ дуундаа маш их дуртай. Эмэгтэй хүний уран нарийн, уян зөөлөн хэв шинжийг аялгуундаа багтаасан юм шиг санагддаг. Би ч гэсэн, их зөөлөн талдаа зантай. Тийм болохоор энэ дуугаа дуулахаар сэтгэл сэргэдэг юм.

-Уртын болон ардын дууг орчин үеийн хэв маягтай хослуулахын тулд нэлээд судалгаа хийх хэрэгтэй байх. Энэ тал дээр хэрхэн ажилладаг бол?

-Судлалгүй яахав. Монгол ардын уртын дуу маш их домог түүхтэй. Дотроо их олон утга агуулга багтаасан. Багш маань “Уртын дуунд бүхэл бүтэн философи бий. Түүнийг ухаж ойлгох хэрэгтэй” гэж хэлдэг байсан л даа. Ер нь энэ талаас ойлгож авч үзвэл үнэхээр гайхамшигтай байдаг. Тус бүр өөрийн гэсэн түүх, домогтой бөгөөд ихэвчлэн хүнд сургамж өгөхүйц өгүүлэмжтэй.

-Үргэлж тоглолт гэж явсаар байгаад та бараг үндэснийхээ хувцаснаас салахгүй юм шиг харагддаг?

-Харин тийм ээ. Зарим үед чөлөөт загварын хувцас өмсмөөр санагддаг. Үндэсний хувцсаа өмсөхөөр их сүртэй, гоё харагддаг боловч байнга тэгж явбал хэцүү. Биед эвтэйхэн хувцас өмсвөл амар шүү дээ, уг нь. Харин сүүлийн үед үндэсний хувцасны элементийг орчин үеийн загвартай хослуулсан гоёл өдөр тутмынхаа хэрэгцээнд багтаасан. Ардын урлагийг түгээж байгаа уран бүтээлч хүний хувьд, стиль имиж маань ч гэсэн энэ бүхний илэрхийлэл байгаасай гэж хүсдэг.

-Дуучин бүсгүйн хобби юу вэ?

-Хөгжим сонсох, кино үзэх, усанд сэлэх. Дөрвөн жилийн өмнөөс эхэлж бассейнд тогтмол хичээллэх болсон. Эрүүл мэнд, гоо сайханд их ач тустай арга шүү. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, арьсны уян хатан чанарыг дээшлүүлэх, цусны эргэлт сайжруулах зэрэг давуу тал олон бий. Бас бассейн хажууханд байрлах фитнесс клубт дасгал хийх дуртай. Бүжгийн хөдөлгөөн сурч, бие галбираа хөгжүүлэх зорилгоор аль алиныг нь хослуулж явна.

-Зарим хүн акуа фитнессийг илүү чухалчилдаг. Таны хувьд, харин ч бүр эсрэгээрээ юм?

-Тийм ээ, сэтгэлд минь нийцсэн учраас л бассейныг сонгосон. Төрснийхөө дараа биеийн галбираа хадгалж чадсан шүү, би. Усан спорт хүний арьсыг эрүүлжүүлэхээс гадна чангаруулах шидтэй юм билээ. Бас бүжгээр хичээллэдэг байсан маань ч үүнд нөлөөлсөн биз. Гэхдээ акуа фитнессээр хичээллэх нь зарим хүнд үр дүнтэй санагддаг байх. Тэрийг би үгүйсгэхгүй ээ.

-Тэгэхээр усан спортоос өөр сонирхох зүйл ховор юм биз дээ?

-Би гоёлоос илүү гоо сайхандаа анхаарах дуртай. Нүүрний арьсаа арчилж чадахгүй бол будаг шунх, элдэв чимэглэлээр гоёод ч нэмэргүй. Яах вэ, эмэгтэй хүний хувьд сонирхож шохоорхох цөөнгүй зүйл бий. Цүнх, нүдний шил цуглуулдаг гэх үү дээ.

-Энэ талаараа сонирхуулаач. Урлагийн бүсгүйчүүд брэнд бүтээгдэхүүн хэрэглэх нь элбэг байдаг юм билээ?

-Хувцас, гутлынхаа өнгө загвартай хослуулж хэрэглэдэг 10 гаруй цүнх байгаа. Брэнд, энэ тэр гэж улайрч гүйх дургүй ээ. Хийц загвар нь таалагдвал шууд л сонгоно. Надад бас янз бүрийн хийц загвартай нүдний шил олон бий. Үнэ өртгийн хувьд ч, харилцан адилгүй. Цуглуулганд байгаа 20 гаруй шилээ чанартай, чанаргүйгээр нь ялгаж суух зав алга.

Р.МӨНГӨН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uyanga(122.201.18.138) 2025 оны 03 сарын 13

dajgyi duuldag bi bas bacciend yuvah durtai daanch money bolohgyi yum daa burmaagaas 100 hyvi deer ter yostoi yumtai gambir tsarailchiad het uuriiguu uud n tatchihnaa

1  |  0
Äóðëàã÷(203.169.49.25) 2025 оны 03 сарын 13

ñàéõàí ë õ¿¿õýí ø¿¿äýý. õîîëîé íü áàñ äàæã¿é ÿìàð ÷ ë ãýñýí Áóðìàà.Æèìñýý íàðààñ äýýð

1  |  0
өвөө(202.179.29.21) 2025 оны 03 сарын 13

ямар яйжисан хамаргүй бараан хүүхэн бэ? бас тэгж ирээд хүний нөхөр салгасан юмуу? мэдээгүй юм байна. энэ тэгээд дуучин юмуу. монгол дуучдыг сайн мэдэхгүй юм байна. энэний дуулах ч гэж дээ бодвбл царайтайгаа адил байлгүй дээ хахахаха

1  |  0
zail(93.182.206.14) 2025 оны 03 сарын 13

hooloi ni hoshnogo bol

1  |  0
сонсогч(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

амжилт хүсэе.

1  |  0
БҮСГҮЙ(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛЧУУД ҮНЭХЭЭР АТААРХУУ АЙМААР МУУХАЙ ХҮМҮҮС ЮМАА. ЭНД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ЯМАР БОЛООД ХҮНИЙГ ИНГЭЖ ИХ МУУХАЙ ХЭЛДЭГ БАЙНА АА. ХҮНИЙГ ХЭЛВЭЛ ӨӨРТ ГЭДЭГ ҮГИЙГ САНАЦГАА !!!

1  |  0
zochin(202.179.24.84) 2025 оны 03 сарын 13

Erhembayariin ehner duuchin Sarantuyag ch mon ch ih zowoosondoo.. hunii amidralaar tegj ih togloom tohuu hiisen hun oodloh bolow uu daa? Tsarai muutai saihan ch duulj chadahgui hewtej hunii er nohor erguulj ailguitehdee sain huuhen ba lee..

1  |  0
zochin(88.182.118.225) 2025 оны 03 сарын 13

ene chini harin ovoo gar uu ugui yu!

1  |  0
oogii(180.235.175.180) 2025 оны 03 сарын 13

Duu hooloi ni chihend shiirtei ydargaatai sonsogddog Setehui ni ch ochuuhen ymaa zailuul

1  |  0
t1(202.179.24.237) 2025 оны 03 сарын 13

kkkk muruudsun garuu gui u. gonginoson yama chin. daljignaad neg ch shn duulj chaddagui shd. javhlangiin ehner bol goe maniartai duuchin

1  |  0
munh(2.231.72.98) 2025 оны 03 сарын 13

daruuhan baih heregtei shuu

1  |  0
baatar(77.57.183.71) 2025 оны 03 сарын 13

Xa xa ooriigoo magtaj yadah yum. Gadaadiinhan hooloidoo apparat suulgachisan yumuu gej gaihdag.. yooye

1  |  0
Zochin(202.170.69.228) 2025 оны 03 сарын 13

Goyo duuldag. daanch tsarai muutai. heheheeh

1  |  0
Top